Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд таван дүүргийн 20 байршилд нийт 321,000 орчим нэг болон олон наст цэцэг суулгах төлөвлөгөөтэйгээр цэцэгжүүлэлтийн ажил эхэлжээ. Тус ажлын эхлэл болгон өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн баярыг угтан төв талбайд цэцэг суулгаж эхэлсэн байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга (ерөнхий дендрологич) Н.Отгонбаярын мэдээлснээр: “Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх, хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд УБЗАА-наас нийтийн эзэмшлийн талбайд үндэсний онцлогийг илэрхийлэх гурван хэмжээст цэцэгт байгууламжуудыг байгуулж байна. Эдгээрт мандарваа, хун, хилэн зэрэг төрөл зүйлийн цэцгийг сонгон ашиглаж буй. Бид энэ ажлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэн бүрийг ухамсартай хандаж, тарьсан цэцгийг хайрлан хамгаалахыг уриалж байна.”
Нийтийн эзэмшлийн шороон хөрстэй талбайд байгуулах цэцэгт хийцлэлийн хүрээнд хотын өнгө төрхийг сайжруулах, иргэдэд гоо зүйн мэдрэмжийг төлөвшүүлэх зорилготой гэж албаныхан мэдээлжээ. Цэцэгт байгууламжийн сэдэвчилсэн хийцлэлийг олон улсын стандартад нийцүүлэн дараах хэлбэрээр төлөвлөсөн байна:
- Мазаалай
- Бөхөн
- Үхэр тэрэг
- Оньс
- Эрхийн мэргэн
- Тахь
- Мөнгөн
Эдгээр бүтээлүүд нь үндэсний хэв шинжийг агуулсан, байгаль дэлхийтэй уялдсан хэлбэр дүрстэй байх ба хотын гоо зүй, байгальд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэжээ.