Нийслэлийн иргэдийн өдөр тутмын зорчих нөхцөлийг сайжруулах зорилгоор нийтийн тээврийн гурван чиглэлд өөрчлөлт оруулж, шинэ зогсоолуудыг ашиглалтад оруулахаар боллоо. Энэхүү шинэчлэл нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, зорчигчдын аяллын хугацааг богиносгох ач холбогдолтой юм.
Сонгинохайрхан дүүрэгт – М:1А чиглэлийн шинэчлэлт
Сонгинохайрхан дүүргийн 5, 19, 27 дугаар хорооны иргэдийн хүсэлтийг үндэслэн М:1А чиглэлд өөрчлөлт оржээ. Өмнө нь “5 шар–Мөнгөн завьяа” байсан чиглэлийг “Ханын материалын комбинат–Мөнгөн завьяа” болгон шинэчилсэн байна. Энэхүү өөрчлөлт нь тус бүсийн иргэдийг хотын төвтэй илүү шууд, түргэн холбох зорилготой юм.
Багахангай дүүрэгт – Х:18 чиглэлд шинэ зогсоолууд
Багахангай дүүргийн 1, 2 дугаар хорооны иргэдийн зорчих хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Х:18 чиглэлд шинэ зогсоолууд нэмэгдсэн байна. Уг чиглэлд “Бор үзүүр” болон “дундын зогсоолууд”-ыг шинээр байгуулснаар зорчигчид хотын төв рүү илүү ойр, аюулгүй нөхцөлд зорчих боломжтой болжээ.
Баянзүрх дүүрэгт – Ү:24 чиглэлийн нэмэлт өөрчлөлт
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтийг харгалзан Ү:24 “Ургах наран хороолол–Офицеруудын ордон” чиглэлд дараах зогсоолуудыг шинээр нэмсэн байна:
- “Зоорь-1”
- “Зоорь”
Эдгээр зогсоолууд нь тус хорооны иргэдэд нийтийн тээврийг ойртуулж, хүлээлгийн хугацааг багасгах зорилготой юм.
Шинэчилсэн чиглэлүүдийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс албан ёсоор ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Иргэд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 70044040 утсаар 24 цагийн турш өгч, шийдвэрлүүлэх боломжтой.
