Монголын шатрын холбоо Азийн шатрын холбоотой хамтран 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг 2025 оны 4-р сарын 22-ноос эхлэн анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулахаар боллоо. Тус тэмцээн нь Монгол Улсын шатрын спортын түүхэнд шинэ хуудсыг нээж буй чухал үйл явдал юм.
Энэхүү бүсийн аварга шалгаруулах тэмцээнд ФИДЕ-ийн рейтинг нь эрэгтэйчүүдийн хувьд 2000-аас дээш, эмэгтэйчүүдийн хувьд 1800-аас дээш оноотой шатарчид оролцох эрхтэй бөгөөд олон улсын чансаагаа ахиулах, мастерын болзол биелүүлэх, цаашлаад шатрын дэлхийн аваргад шалгарах боломж нээгдэнэ.
Манай улсыг төлөөлөн 20 эрэгтэй, 20 эмэгтэй шатарчин оролцох бөгөөд тэднийг тодруулах сонгон шалгаруулалтын тэмцээн Улаанбаатар хотын “Тусгаар тогтнолын ордон”-д зохиогдоно. Энэ нь үндэсний хэмжээний шилдэг шатарчдыг нэгтгэн шалгаруулах чухал шат болж байна.
Түүнчлэн, тэмцээнд оролцохоор Сингапурын их мастер, ФИДЕ-ийн 2567 оноотой шатарчин Тин Цзинъяо албан ёсоор бүртгүүлсэн нь тэмцээний түвшин, өрсөлдөөнийг илүү өндөрт хүргэх нь гарцаагүй.