Улаанбаатар хотын дарга Хишигээгийн Нямбаатар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ажлын айлчлал хийж, тус хотын дарга Ин Юньтэй уулзлаа.
Харилцан ойлголцол ба хотуудын хамтын ажиллагаа
Айлчлалын хүрээнд Улаанбаатар хот найрсаг харилцаатай БНХАУ-ын зарим хотуудын удирдлагуудтай уулзалт хийж байна. Бээжинд болсон уулзалтын үеэр талууд эдийн засаг, гадаад худалдаа, шинжлэх ухаан, замын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр харилцан санал солилцов.
Хотын дарга Нямбаатар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хүрээнд Улаанбаатарт хэрэгжсэн зам, гүүр, хонгил, сургууль, цэцэрлэг зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдийн амжилттай хэрэгжилтэд талархал илэрхийлсэн юм.
Бээжингийн туршлага
Бээжин хотын дарга Ин Юнь, айлчлалд талархаад дараах асуудлуудыг онцолсон байна:
- “Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн аадар борооны улмаас Бээжингийн зарим гүүрүүд түр хугацаагаар хаагдсан. Холбогдох байгууллагууд хоёр өдөр амралтгүй ажиллаж байна.
- Хотод бүртгэлтэй автомашины тоо 7 саяыг давсан бөгөөд оргил цагийн үед замын түгжрэл асар их байдаг.
- Агаарын бохирдлын 50% нь автомашины утаанаас үүдэлтэй. Иймд нийтийн тээврийн төлөвлөлтийг сайжруулах, замын камеруудын хяналтын төвүүдийг өргөтгөх, хиймэл оюун ухааны технологи нэвтрүүлэх зэрэг арга хэмжээг авч байна.
- 2014 оноос эхлэн дагуул хотууд байгуулж, 30 мянган төрийн албан хаагчийг тийш шилжүүлсэн. Цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг төвлөрүүлэх шинэ бүсийг байгуулахаар ажиллаж байна. Түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой арга зам нь дагуул хот байгуулалт юм.”
Улаанбаатарын томоохон төслүүд
Улаанбаатар хотын дарга Нямбаатар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийг хөгжүүлэх жилийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан 2025–2028 онд хэрэгжих 24 томоохон төслийн талаар мэдээлэл өглөө. Үүнд:
- Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах
- Дэд бүтэц, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах
- “20 минутын хот” концепцын хүрээнд Сэлбэ хотхоныг барьж, 4000 гаруй орон сууцны эхний ээлжийн ажил эхэлсэн
- Метро, трамвай, газар дээгүүрх тээвэр, хоёр түвшний замын төсөл боловсруулагдаж байна
Улаанбаатар, Бээжин хотууд 2014 онд албан ёсоор ах дүү хотууд болсон бөгөөд цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хамтарна
Талууд үерийн эрсдэл, ус зайлуулах шугам сүлжээний асуудлыг онцлон хэлэлцсэн бөгөөд Бээжингийн инженер, мэргэжилтнүүдийг Улаанбаатарт урьж, ус зайлуулах хоолой, далан байгуулах судалгаа хийхээр тохиролцжээ.
Мөн Бээжин хотод Улаанбаатарын Худалдааны төлөөлөгчийн газар нээх, бүх түвшний хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлаар харилцан тохиролцсон байна.
Ийм дэд бүтцийн төслүүд иргэдийн амьдралыг шууд дээшлүүлдэг
Шуурганы усны менежментийн хамтын ажиллагаа ч чухал сонсогдож байна