Боловсролын салбарт үүссэн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Дамдинням болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх Д.Гантулга нарын хооронд цахим орчинд ширүүн санал зөрөлдөөн өрнөж, олон нийтийн анхаарлыг татлаа.
Г.Дамдинням өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлсэн. Тэрбээр:
“За байз, Боловсролын сайд солигдчихсон билүү. Энэ “зөвлөх” гэх хуулиар ямар ч хариуцлага хүлээхгүй, эрхгүй нөхөр л энэ салбарт туйлаад байгаа дуулдаад байдаг, одоо бүр ил гарч шийдвэр яриад явдаг боллоо! Бөөр бөгсөндөө, толгой мөрөн дээрээ баймаар юм” хэмээн шүүмжилсэн.
Харин түүний энэхүү мэдэгдэлд сайдын зөвлөх Д.Гантулга хариу өгч: “Би хуулийн дагуу ажлаа хийж байна. Та УИХ-ын гишүүн байж ШУТИС-ийн томилгоонд ингэж шатаад яваа нь тэгээд зөв үү?” гэж бичжээ.
Тэдний маргаан нь Боловсролын яамны бодлого, ялангуяа багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээтэй холбоотой журам өөрчлөгдсөнтэй холбогдож байгаа юм. Д.Гантулга өмнө нь хэвлэлд өгсөн тайлбартаа:
“Багшийг үнэлэхдээ эцэг, эх, менежерээс асуудаг байсан. Өөрөөс нь өөр хүмүүсээс үнэлгээ авах нь зохисгүй гэж үзсэн. Иймд багшаас өөрөөс нь, хичээл зааж буй сэдвээр нь шалгалт авч үнэлэх журмыг нэвтрүүлсэн” хэмээн хэлж байв.
Тус асуудал нь зөвхөн хоёр хүний маргаан бус, боловсролын салбар дахь эрх мэдэл, хариуцлагын хүрээ, шинэчлэлүүдийн талаарх илүү өргөн хүрээний хэлэлцүүлэг болж хувирч магадгүй байна.