Улсын Их Хурлын дарга Н.Учрал нь өнөөдрийн /2025.12.04/ нэгдсэн хуралдааны үеэр, хууль тогтоолын төсөл боловсруулах болон санал дүгнэлт гаргах үүрэгтэй нийт 58 “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг хүчингүй болгож буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Энэхүү шийдвэр нь УИХ-ын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжаар баталгаажсан байна.
Захирамж хүчингүй болгох үндэслэлүүд
УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсгүүдийг хүчингүй болгосон нь үндсэн гурван шалтгаантай холбоотой:
1. Үүргээ гүйцэтгэсэн ажлын хэсгүүд (19 захирамж)
Ажлын хэсгүүд холбогдох хууль, тогтоолын төслийг боловсруулж, санал, дүгнэлтээ гаргасан тул үйл ажиллагаа нь дууссан гэж үзжээ. Үүнд дараах чиглэлүүд багтаж байна:
- Эрчим хүчний салбарын шинэтгэл (Эрчим хүч, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулиудыг шинэчлэх).
- Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тогтолцоог оновчтой болгох.
- Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
- Ялгаварлан гадуурхалтын эсрэг арга хэмжээний талаар судалгаа хийх.
- Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхитай холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай эсэхийг судлах.
2. Хугацаа дууссан болон үр дүн хангалтгүй ажлын хэсгүүд (36 захирамж)
Ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны хугацаа дууссан эсвэл үр дүн нь хангалтгүй байгааг үндэслэн 36 захирамжийг цуцалжээ. Эдгээр ажлын хэсгийн захирамжууд нь 2024 болон 2025 онуудад гарсан байна.
3. Засгийн газраас төсөл өргөн мэдүүлсэнтэй холбоотой (3 захирамж)
Засгийн газар өөрөө холбогдох хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн тул УИХ-ын даргын тухайн асуудлаар ажлын хэсэг байгуулсан захирамжуудыг цуцалсан байна. Үүнд:
- “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” тогтоолын төсөл боловсруулах.
- Арилжааны болон дампуурлын харилцааг зохицуулсан эрх зүйн орчныг боловсронгуй болгох.
- Гэр бүлийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас уг мэдээллийг хүргэсэн бөгөөд нийтдээ 58 ажлын хэсгийн үйл ажиллагааг зогсоож, парламент доторх ажлын уялдаа холбоог сайжруулах зорилго тавьжээ.

Зөв алхам байна. Хэт олон ажлын хэсэг хэрэггүй шүү
Ажлыг нь эргээд бодитоор сайжруулах байвал сайн л даа