Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан 2025 оны долдугаар сарын 29-31-ний өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Женев хотноо болох Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцохоор төлөвлөжээ.
Монгол Улсын Их Хурал 1962 онд Олон Улсын Парламентын Холбоонд гишүүнээр элссэн цагаас хойш тус холбооны үйл ажиллагаанд тогтмол оролцож, дэлхийн парламентуудын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулсаар ирсэн. Энэ удаагийн чуулга уулзалтад 180 гаруй улсын парламентын дарга нар, олон улсын байгууллагууд, судлаачид болон иргэний нийгмийн төлөөлөл оролцох юм.
Тус бага хурал нь дөрвөн жил тутам зохион байгуулагддаг бөгөөд парламент хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, дэлхий дахинд тулгамдаж буй асуудлуудыг хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэхэд парламентуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан энэ удаагийн хуралдааны үеэр “Хямралт дэлхий: Хүн бүрд энх тайван, шударга ёсыг түгээх парламентын хамтын ажиллагаа ба олон талт байдал” сэдвээр хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм. Түүнчлэн ардчилал, энх тайван, жендэрийн тэгш байдал, тогтвортой хөгжлийн асуудлаар дэлхийн парламентын удирдлагуудтай санал бодлоо солилцох төлөвтэй байна.