Мягмар, 11 сар 11, 2025
HomeОлон улсын мэдээТрамп “BBC”-ийн эсрэг нэг тэрбум долларын нэхэмжлэл гаргахаа мэдэгдэв

Трамп “BBC”-ийн эсрэг нэг тэрбум долларын нэхэмжлэл гаргахаа мэдэгдэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Капитолын үйл явдлын өмнө хэлсэн илтгэлийнх нь бичлэгийг зориудаар засварлаж, буруу ойлголт төрүүлсэн хэмээн “BBC”-ийг буруутгаж, асуудал дэгдээгээд байна. Уг шүүмжлэлд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзсэн тус агентлагийн гүйцэтгэх захирал Тим Дэви болон Мэдээ, цаг үеийн асуудал эрхэлсэн хэлтсийн дарга Дебора Төрнесс нар ажлаа өгчээ.

Трампын хэлснээр “BBC” энэ Баасан гариг гэхэд хийсэн алдаагаа засах ёстой бөгөөд тэгээгүй тохиолдолд нэг тэрбум ам.долларын нөхөн төлбөр нэхэмжлэн шүүхэд хандах аж. Түүний өмгөөлөгчдийн баг энэ хэрэг явдлыг “зохион байгуулалттай гүтгэлэг” гэж тодорхойлсон байна.

Асуудлын гол эх үүсвэр болсон “Трамп: Хоёр дахь боломж” нэртэй баримтат нэвтрүүлэг 2024 оны аравдугаар сарын 28-нд, ерөнхийлөгчийн сонгуулиас дөнгөж долоо хоногийн өмнө цацагдсан. Нэвтрүүлгийн баг Трампын илтгэлийн гурван өөр хэсгийг нийлүүлэн эвлүүлж, түүний хэлсэн санааг өөрчлөн ойлгуулах оролдлого хийсэн гэсэн дүгнэлт гарчээ.

Эвлүүлсэн хувилбарт Трампыг “Бид Капитол руу орно. Би та нартай хамт байна, бүгдээрээ тэмцье. Гал гартал үзэлцье. Хэрэв гал гартал үзэлцэхгүй бол улс орноо алдана” гэж хэлсэн мэтээр дүрсэлсэн байна. Гэвч бодит хэлсэн үг нь үүнээс огт өөр байжээ. Тэрээр “Бид орох болно, би та нартай хамт байна. Та нарын хэн нь ч орж болно. Одоо Капитолд очоод зоригтой сенаторууд болон конгрессын гишүүдээ дэмжинэ” гэж хэлсэн юм.

Эвлүүлсэн бичлэгийн өнгө аяс илүү шог, ёжилсон шинжтэй болж, дэлхий даяар олон сая хүнд хүрсэн нь Трампын нэр хүндэд ноцтой хор хохирол учруулсан гэж түүний хуулийн баг үзэж байна.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд