2025 оны 4-р сарын 4-5-ны өдрүүдэд Узбекистаны Самарканд хотод болсон “Төв Ази – Европын холбоо” дээд хэмжээний уулзалт, олон улсын уур амьсгалын форумын хүрээнд байгаль орчны сайд нарын өндөр түвшний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа тус арга хэмжээнд оролцож, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, байгаль орчны бохирдол зэрэг “гурван тулгамдсан экологийн хямрал”-ын асуудлаар санал солилцов.
Монгол, Казахстан, Узбекистан, Киргизстан, Тажикистан, Туркменистан улсын байгаль орчны сайд нар өөрсдийн үндэсний бодлого, хэрэгжүүлж буй сайн туршлагыг хуваалцсан байна. Тухайлбал, зарим улс ган тэсвэртэй мод, бут таримал ургуулах, хотын ногоон байгууламжийг өргөтгөх, байгаль хамгааллын мэргэжилтэн бэлтгэх зэрэг чиглэлд ололт амжилт гаргаснаа танилцуулжээ.
Монгол Улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, Байгаль хамгааллын зорилтот сан байгуулах замаар санхүүгийн тогтвортой эх үүсвэр бүрдүүлэх, устаж болзошгүй амьтдыг хамгаалах, түрэлт усалгааны цөөрөм байгуулах зэрэг бодит ажлуудыг танилцуулсан байна.
Хуралдаанд оролцогчид Төв Азид цэвдэг болон мөсөн голууд түргэн хайлж, усны нөөц багасч буй нь хүнсний аюулгүй байдал, хөрсний эвдрэл, экосистемийн доройтолд нөлөөлж буйг онцлон тэмдэглэв. Аралын тэнгисийн ширгэлт нь бүс нутгийн экологийн сүйрлийн тод жишээ болж байгааг мөн дурдав.
Цаашид оролцогч улсууд хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, мөн Узбекистаны “Ногоон их сургууль”-ийн хүрээнд мэргэжилтэн солилцох, чадавх бэхжүүлэх талаар хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.