Лхагва, 2 сар 18, 2026
HomeУлс төрТөрийн хан хуур эгшиглэж, Гал морин жилийн золголт боллоо

Төрийн хан хуур эгшиглэж, Гал морин жилийн золголт боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн шинийн нэгний өглөө (2026.02.18) Монгол төрийн золголтын ёслол Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд 08:30 цагт хүндэтгэлтэйгээр боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар нар Есөн хөлт цагаан тугандаа мэхийн ёсолсны дараа төрийн золголтоо эхлүүлэв. Улсын удирдагчид уламжлалт ёсоор хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, идээ ундааны дээжийг хүртэн, ирж буй оны ерөөл билгийг хэлэлцсэн юм.

Төрийн золголтын үеэрх онцлох үйл явдлуудыг тоймловол:

Төрийн хан хуурын эгшиг

Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд морин цагт Төрийн хан хуурыг цэнгүүлэх зан үйл болов. Төрийн хан хуурч Ц.Соёл-Эрдэнэ хуурыг хөглөн, гал морин жилд төр түмнээрээ амгалан байхыг бэлгэдэн “Морины явдал” болон “Төр түмэндээ өргөх айлтгал магтаал”-ыг хуурдан эгшиглүүлэв.

Шашны тэргүүний мэндчилгээ

Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба, лхаарамба Д.Жавзандорж төрийн гурван өндөрлөгт бараалхан золгож, сар шинийн мэндийг дэвшүүллээ.

Ахмад буурлуудаа хүндэтгэв

Монгол төрийн тэргүүнүүд нутаг нутгийн төлөөлөл болсон 80-95 насны есөн ахмадыг өргөөндөө урин золгож, хүндэтгэл үзүүлэв. Энэ жилийн золголтод:

  • Увс аймгийн Хяргас сумын уугуул, 95 настай А.Цэрэв
  • Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул, 93 настай Л.Адъяа
  • Дорноговь аймгийн Иххэт сумын уугуул, 91 настай Ш.Гунгаадорж
  • Улаанбаатар хотын уугуул, 91 настай А.Дулмаа
  • Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, 85 настай Ж.Хайдав
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул, 83 настай Н.Алиасүрэн
  • Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, 82 настай Ц.Дашдорж
  • Баянхонгор аймгийн Номгон сумын уугуул, 80 настай Д.Должин
  • Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, 80 настай Ш.Дэлгэржаргал нартай тохой өргөн золгож, хүндэтгэл үзүүллээ.
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд