Өнөөдөр болох ёстой байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учраас хуралдаан хойшлогдлоо. Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдаан цуцлагдсан шалтгааныг “АН-ын гишүүд ирээгүйтэй холбоотой” гэж тайлбарласан. Гэвч бодит байдлаар тус байнгын хороонд нийт 32 гишүүн байдаг бөгөөд тэдний 17 нь МАН-ын, 11 нь АН-ын гишүүн юм.
Хуралдаанд ирээгүй гишүүдийн дунд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Э.Болормаа, А.Ариунзаяа, О.Саранчулуун зэрэг МАН-ын төлөөлөл багтсан нь анхаарал татаж байна. Эдгээр гишүүд өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд ирцээ бүртгүүлж, идэвхтэй байр суурь илэрхийлж байсан ч өнөөдрийн хуралдаанд оролцоогүй ажээ.
Ийнхүү хуралдааны ирц хүрээгүйгээс болж Ерөнхий сайдын огцруулах асуудлыг хэлэлцэх явц тодорхойгүй хугацаагаар хойшилж, улс төрийн хүрээнд шинэ маргаан үүсгээд байна.