Лхагва, 10 сар 29, 2025
HomeУлс төрТомуугийн халдвар авсан бага насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хоногийн цалинтай...

Томуугийн халдвар авсан бага насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгоно

Засгийн газрын 2025 оны аравдугаар сарын 29-ний ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбартай холбоотой хэд хэдэн шийдвэрийг хэлэлцэж, хэрэгжүүлэхээр болсныг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн танилцууллаа.

Түүний хэлснээр, сүүлийн өдрүүдэд томуу, томуу төст өвчний дэгдэлт эрчимжиж, 0–6 насны хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаа тул төр засгаас тодорхой дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Ж.Чинбүрэн сайд хэлэхдээ: “Томуу, томуу төст өвчин ид идэвхжилтэй үе дээр байна. Томуугийн халдвар авсан 0–6 нас хүртэлх хүүхдүүдийн аав, ээж, эмээ, өвөөгийн аль нэг нь төрийн албанд ажилладаг бол тав хоногийн цалинтай чөлөө авч болох шийдвэр гаргалаа. Хэрэв хувийн хэвшилд ажилладаг бол тав хоногийн цалинтай чөлөө олгох уриалга дэвшүүлж байна. Ханиад туссан хүүхдэд эцэг, эхийн асаргаа чухал байдаг. Хатгаа болгочихгүй нь чухал.”

Вакцинжуулалтын явц өндөр түвшинд хүрлээ

Сайд мөн томуугийн вакцинжуулалтын явцын талаар мэдээлэхдээ: “Бид нийт 300 мянган тун томуугийн вакцин хийх зорилт тавьсан. Одоогоор 97 хувийн гүйцэтгэлтэй байна. Урьд өмнө ийм өндөр хувьтай үзүүлэлт гарч байгаагүй. Өмнөх жилүүдэд вакцины үлдэгдэл 50 орчим хувьтай үлддэг байсан бол энэ жил бараг үлдэгдэлгүй болж байна. Ирэх жил тунг нь нэмэгдүүлж захиална,” гэж хэлэв.

Хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж шинэчлэгдэж байна

Эрүүл мэндийн сайд цацраг туяа эмчилгээний хүртээмжийг сайжруулах талаар ч онцлон дурдлаа. Түүний мэдээлснээр, одоогоор гурван шинэ аппарат ашиглалтад орсон бөгөөд удахгүй Эрдэнэт хотод хойд бүсийн хавдрын эмнэлэг ажиллах бэлтгэл хангагдаж байгаа аж.

Эдгээр арга хэмжээнүүд нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний тархалтыг бууруулах, эмчилгээний чанарыг сайжруулах зорилготой юм.

Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг
Нэрэнтуяа Энхцэцэг — Mongolnews24.com сайтын сэтгүүлч, мэдээний редактор. Монголын улс төр, нийгэм, соёлын чухал үйл явдлуудыг хүргэдэг. Сэтгүүл зүйн салбарт олон жилийн туршлагатай бөгөөд мэдээ бүрт бодитой, хараат бус байхыг эрхэмлэдэг. Үнэн зөв мэдээлэл нь хүчирхэг нийгмийн суурь гэж үздэг.
Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд