Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн борооны улмаас Хөвсгөлийн уулсаас эх авдаг Бэлтэс, Үүр, Хангай нурууны арын Хануй, Орхон (Хархорин – Өлзийт сум), Хөгшин Орхон, Өвөр Хангайн Завхан (Тайшир сум орчим), мөн Хэнтий нурууны зүүн хажуугийн Хурх, Барх, Эг, Онон, Балж, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-45 см-ээр нэмэгдсэн байна.
Түүнчлэн Хурх, Балж, Улз, Орхон, Хөгшин Орхон зэрэг зарим голын усны түвшин олон жилийн дундаж түвшинг 10-30 см-ээр давсан нь үерийн аюул үүсэх эрсдэлтэй байгааг харуулж байна.
Иймд иргэдийг гол мөрөн, нуурын ойролцоо амрахдаа онцгой анхааралтай байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт буудаллахгүй байх, зөвхөн зөвшөөрөгдсөн зам гүүрийг ашиглан зорчихыг холбогдох байгууллагаас зөвлөж байна.