Даваа, 6 сар 9, 2025
HomeНийгэмТөлбөртэй автозамуудыг барьж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Төлбөртэй автозамуудыг барьж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Төвлөрсөн хөрөнгө оруулалтаар зорилтот замуудыг өргөтгөнө

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан автозамын салбарт шинэ бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийлж, эдийн засгийн өндөр өгөөжтэй гол замуудыг өргөтгөж, төлбөртэй болгох талаар мэдээлэл өглөө. Тэрээр “18 аймаг, 330 сумд нэгэн зэрэг зам тавина гэхээс илүүтэй улсын эдийн засагт бодит үр өгөөж өгөх гурван үндсэн чиглэлийн зам дээр төвлөрнө” гэдгийг онцлов.

Эдгээр замын нэг нь Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций, Даланзадгад, Мандалговь чиглэлтэй бөгөөд Хөшигийн хөндий рүү холбогдох хэсэг нь дөрвөн эгнээтэй, хүнд даацын автомашин зорчих зориулалттайгаар баригдана. Мөн 2024 онд нийслэлд төвлөрөх орлогын албан татварын нэг хувийг 2025 оноос дэд бүтцийн салбарт, тэр дундаа замын бүтээн байгуулалтад зарцуулахаар болжээ.

Нийгмийн хариуцлагын татвараар автозамын хөрөнгийг бүрдүүлнэ

Зам тээврийн сайдын хэлснээр “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, жижиг “Тавантолгой”, шатахуун, цементийн компаниудаас нэг хувийн татвар авч, замын бүтээн байгуулалтад зарцуулах сан бүрдүүлэхээр төлөвлөж байна. Харин Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг олон улсын санхүүгийн байгууллагуудын зээлээр санхүүжүүлж, төлбөртэй зам болгон зээлийн эргэн төлөлтийг хангахыг зорьж буй.

Цогтцэций-Гашуунсухайт чиглэлд өмнө нь Монголын анхны төлбөртэй автозам тавигдаж байсан. Энэ замаар 130 тоннын даацтай автомашин 200-300 мянган төгрөгийн төлбөр төлж зорчдог байв. Үүнтэй адил эдийн засгийн гол төвүүдтэй холбох зорилгоор Замын-Үүд, Сайншанд, Чойр, Багахангай, Хөшигийн хөндий чиглэлүүдэд төлбөртэй зам тавихаар төлөвлөжээ.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар зам барина

Говьсүмбэр-Хөшигийн хөндий чиглэлийн замыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж байгаа бөгөөд төлбөрийг тохиролцооны дагуу тогтоохоор төлөвлөж байна. Жишээ нь, нэг рейсэнд 44 тонн ачсан машин Улаанбаатар руу төлбөргүй явах эсвэл 100 тоннын ачаатай, төлбөртэй ч илүү аюулгүй зорчих замаар явах гэсэн сонголтыг жолооч нар өөрсдөө хийх юм.

Аялал жуулчлалын гол замыг зургаан эгнээ болгоно

Түүнчлэн Лүн-Хархорин чиглэлийн замыг зургаан эгнээтэй болгон өргөтгөхөөр ажиллаж байгаа аж. Энэ зам нь аялал жуулчлалын чухал замуудын нэг бөгөөд баруун бүс рүү зорчих иргэдийн урсгалыг ч мөн даацтайгаар хүлээн авах зорилготой. Уг төсөл гадаадын донор байгууллагуудын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих юм.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд