Монголд шинэ тутам хөгжиж буй спортын нэг болох тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн гурав дахь удаагаа зохион байгуулагдаж, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 1500 орчим тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа Дотоод хэргийн их сургуулийн ногоон талбайд боллоо.
Хүүхэд бүрт боломж олгодог спорт
НИТХ-ын дарга А.Баяр нээлтийн үеэр хэлэхдээ: “Гуравхан жилийн өмнө Монгол Улсад тийболын спортын тамирчин, дасгалжуулагч, талбай, хэрэгсэл, холбоо, клуб байсангүй ээ. Богино хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 60 орчим клубт 1500 гаруй тамирчин хичээллэж байна… Зөв Монгол хүүхдийг төлөвшүүлэхэд дүрэм нь нийцдэг учраас би хувь хүнийхээ хувьд тийболын спортын фанат юм.”
Түүний хэлснээр, тийбол нь хүүхдүүдийн багаар ажиллах, биенээ дэмжих, хамтын амжилтад хүрэх чадварыг хөгжүүлдэг онцлог спорт юм. Богино хугацаанд Монголын баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь үүний баталгаа гэж тэрбээр онцолсон юм.
Тэмцээн нийслэлийн дөрвөн байршилд явагдана
Тийболын Улсын аварга шалгаруулах тэмцээн дараах газруудад үргэлжилж байна:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбай
- Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн талбай
- Дотоод хэргийн их сургуулийн талбай
- Баянзүрх дүүргийн XV хорооны хөл бөмбөгийн талбай
Албан ёсны зочид, төлөөлөгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцлоо
Нээлтийн ажиллагаанд дараах зочид оролцсон байна:
- УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр
- УИХ-ын гишүүд Х.Ганхуяг, Э.Бат-Амгалан
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан
- Монголын тийболын Үндэсний холбооны ерөнхийлөгч Б.Сэмжидмаа
- Азийн тийболын холбооны дэд ерөнхийлөгч ноён Каваучи Широ
- БНХАУ-ын тийболын холбооны төлөөлөгч хатагтай Чэнь Жаоли
- Японы тийболын холбооны төлөөлөгчид болон Соёлын элч нар
Эдгээр төлөөлөгчдийн оролцоо нь тийболын спортыг Монголд тогтвортой хөгжүүлэхэд олон улсын түвшний анхаарал хандуулж буйн илэрхийлэл юм.