Монголын “The MongolZ” баг Сербийн Белград хотод зохиогдож буй FISSURE Playground 2 тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтод дэлхийн шилдэгүүдийн нэг G2-г 2:1-ээр буулгаж авч, хагас шигшээд шалгарлаа.
Эхний Mirage дээр The MongolZ хүчтэй эхэлж, довтолгоогоор 7-1-ээр тэргүүлэн эхний хагаст 9-3 онооны давуу талтай орсон. Гэвч G2 сөрөг довтолгоогоор тоглолтыг 11-11 болгож тэнцүүлсэн ч монгол тоглогчид шийдвэрлэх мөчид илүү байсан бөгөөд 13-11-ээр ялж эхний картыг авлаа.
Хоёр дахь Dust2 дээр G2 эхнээсээ 8-0-ээр илүүрхэж, The MongolZ долоон дараалсан раунд авч хүчтэй эргэн ирсэн ч тоглолтыг бүрэн эргүүлж чадсангүй. G2 хамгаалалт дээр тав дараалан ялалт байгуулж, 13-7-оор дуусган цувралыг шийдвэрлэх Ancient руу аваачив.
Ancient дээр The MongolZ эхний хагаст 7-5-аар тэргүүлж, довтолгоон дээрээ тоглолтоо бүрэн хянаж эхэлсэн. 11-9-өөр илүүрхэж байх үед G2-ийн тоглогч Nemanja “huNter-” Kovač гайхалтай давхар аллага хийсэн ч Монголын Азбаяр “Senzu” Мөнхболд мөн давхар аллагаар хариу барьж, тоглолтыг шийдвэрлэсэн.
Эцэст нь The MongolZ 13-9-өөр ялж, хагас шигшээд Aurora болон Liquid-ийн ялсан багтай учрахаар болов.
