“The MongolZ” багийн Counter-Strike 2-ын бүрэлдэхүүн Олон улсын инээдмийн баярыг тохиолдуулан уламжлалт ёсоор хөгжөөн дэмжигчиддээ гэнэтийн “бэлэг” барьж, бүрэлдэхүүндээ сонирхолтой өөрчлөлт оруулснаа зарлалаа.
Тус багийн зүгээс гаргасан наргианч мэдэгдэлд, хүүгээ өлгийдөн авч байгаа тул дараагийн тэмцээнийг өнжихөөр болоод байсан дасгалжуулагч maaRaa-г үндсэн бүрэлдэхүүнд тоглогчоор оруулж, харин багийн ахлагч bLitz дасгалжуулагчийн үүргийг хүлээхээр болсон гэжээ.
Энэхүү мэдэгдэл нь кибер спортын хүрээнийхний анхаарлыг хурдтай татсан бөгөөд 4 дүгээр сарын 1-ний хошигнол гэхэд дэндүү сонирхолтой “сэлгээ” байлаа. Хэдийгээр хөгжөөн дэмжигчид үүнийг шууд л тоглоом шоглоом гэж хүлээн авсан ч maaRaa түр хугацаанд эзгүй байгаа бодит нөхцөл байдал дээр тулгуурлан, багийн гол дүрүүдийг оролцуулсан нь тун оновчтой наргиан болж чаджээ.
Үнэхээр ч дасгалжуулагч maaRaa хувийн амьдралдаа тохиож буй баярт үйл явдал буюу хүүгээ өлгийдөн авч буй тул хоёр ч тэмцээнийг алгасахаар болоод байгаа билээ. “The MongolZ” багийнхан энэхүү бодит мэдээллийг зохиомол “сэлгээ”-тэй хольж, баярын уур амьсгалыг амжилттай бүрдүүлсэн байна.
Энэхүү явдал нь кибер спортын байгууллагууд үзэгчидтэйгээ ойр байж, сонирхолтой контент бүтээхдээ 4 дүгээр сарын 1-нийг хэрхэн ашигладгийн тод жишээ боллоо. Хэдийгээр maaRaa тоглогч болох, bLitz дасгалжуулагч болох тухай мэдээлэл нь зөвхөн Инээдмийн баярын наргиан байсан ч maaRaa-д тохиосон баярт үйл явдал нь бодит мэдээлэл юм.

