2025 оны наймдугаар сарын 1-ний өдөр Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан хүннү рок урсгалаар дэлхийд алдаршсан The Hu хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ Улаангомд хүрэлцэн ирж, тоглолтоо амжилттай хийлээ.
Цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтыг үзэхээр Монгол орны өнцөг булан бүрээс, тэр дундаа Увсын үзэсгэлэнт нутгийг зорьж ирсэн олон мянган шүтэн бишрэгчид цугларсан байв. Үзэгчдийн суудал дүүрч, хөл гишгэх газаргүй болтлоо цугласан уг тоглолт нь тус ойн баярын оргил мөчүүдийн нэг байлаа.
Тоглолтын өмнө The Hu хамтлаг Увс нутгийн нэрт дуучин, БНМАУ-ын Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэлийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүний дурсгалыг мөнхжүүлсэн энэхүү хөшөө “Ойрад” Хүүхэд, залуучуудын театрын өмнө сүндэрлэж байгаа бөгөөд уран барималч Ж.Түмэнчулууны ур ухаанаар бүтсэн уг бүтээл нь дуучны уянгалаг дуу хоолой, торгон нугалааг илэрхийлсэн нарийн хийцлэлээрээ олон нийтийн магтаал, талархлыг хүлээгээд байна.
Энэ тухай хамтлагийн продюсер, Монгол Улсын Гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Б.Дашдондог хэлэхдээ: “Бага наснаасаа Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн дууг сонсож, бүтээлд нь дурлаж өссөн миний хувьд нутгийнхаа хөрсөнд сүндэрлэсэн хөшөөнд хүндэтгэл үзүүлнэ гэдэг үнэхээр том завшаан юм” хэмээн онцолжээ.
УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж хөшөөний талаар танилцуулахдаа “3.5 метр өндөр энэхүү бүтээл 3000-5000 жилийн насжилттай чулуугаар хийгдсэн” хэмээн мэдээлсэн байна.
Ийнхүү Увс аймгийн 100 жилийн түүхт ойг тохиолдуулсан энэхүү тоглолт зөвхөн урлагийн гайхамшгийг үзүүлээд зогсохгүй нутгийн суу алдартны дурсгалыг хүндэтгэх, үндэсний бахархал, өв соёлыг мөнхлөх чухал үйл явдал боллоо.