Монголын үндэсний хэв маягийг рок хөгжмийн урсгалтай хослуулсан “The Hu” хамтлаг Европ дахь аялан тоглолтын хүрээнд өнөөдөр буюу 2025 оны долдугаар сарын 16-нд Турк улсад тоглолтоо хийнэ. Үүний дараа энэ сарын 18-нд Финланд улсад тоглохоор төлөвлөжээ.
Хамтлагийн зүгээс эх орондоо тоглолт хийх товоо ч зарласан бөгөөд тэд долдугаар сарын 31-нд Увс аймгийн түүхт 100 жилийн ойд зориулсан тоглолтоороо тайзнаа гарах юм. Тоглолтын тасалбарын урьдчилсан борлуулалт EVENTX.MN сайтаар явагдаж байна. Энгийн тасалбарын үнэ наймдугаар сарын 5-ныг хүртэл 100,000 төгрөг байх бөгөөд түүнээс хойш 200,000 төгрөгөөр худалдаалагдана.
“The Hu” хамтлаг хоёр дахь цомгоо “Rumble of Thunder” нэртэйгээр сонсогчдод хүргээд байгаа. Тус цомогт “Учиртай гурав”, “Шихихутаг”, “Татар дайчин”, “Хар аянга”, “Байгаль эх” зэрэг 13 дуу багтжээ.
2016 онд байгуулагдсан тус хамтлаг богино хугацаанд дэлхийн олон оронд нэр хүндтэй болж чадсан юм. Монголын уламжлалт урлаг, язгуур хөгжим, хөөмий, морин хуурыг орчин үеийн рок дуугаралттай хослуулсан уран бүтээлүүд нь олон улсын хөгжмийн ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг.
2019 оны 11-р сарын 27-нд буюу Их эзэн Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр тэд “Чингис хаан” одонгоор шагнагдаж, төрийн дээд шагнал хүртсэн нь хамтлагийн амжилтын оргил үеийн нэг болсон билээ.