Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2025 оны долоодугаар сарын 7-ны өдөр ээлжит бус хуралдаан хийж, тэтгэвэр, тэтгэмжийн орлогоор барьцаалсан зээлийн шинэчилсэн зохицуулалтуудыг цуцлах шийдвэр гаргалаа. Ингэснээр 2025 оны 3 болон 6 дугаар сард гаргасан хязгаарлалтууд хүчингүй болж, өмнөх нөхцөл байдал эргэн үйлчилж эхэлжээ.
Уг хязгаарлалтуудыг анх өндөр настнуудын өрийн ачааллыг бууруулах, санхүүгийн эмзэг байдлаас хамгаалах, мөн инфляцын өсөлттэй уялдуулан банкны зээлийн эрсдэлийг хянах зорилгоор хэрэгжүүлж байв.
Гэвч энэхүү зохицуулалт нь зарим иргэдийн хувьд санхүүгийн хүндрэл учруулж, тэтгэврийн зээл авах боломжийг хязгаарласан хэмээн шүүмжлэл дагуулсан юм. Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын зэрэгцээ Засгийн газар болон УИХ-ын зарим гишүүд, байнгын хороодоос Монголбанканд хүсэлт хүргүүлж, шийдвэрээ эргэн харахыг зөвлөсөн байна.
Цаашид өндөр настнуудыг зээлийн дарамтад оруулахгүй байхад анхаарч, тэтгэвэр, тэтгэмжийн орлогыг барьцаалсан зээлийн зохицуулалт болон түүний эрсдэлийг салбарын яам бодлогоороо авч үзэх шаардлагатай байгааг Монголбанк онцоллоо.