Tesla компанийн хувьцаа 4 дүгээр сарын 7-ны даваа гарагт Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр 9.2 хувиар унаж, нэгж хувьцааны үнэ 217.41 ам.долларт хүрч, АНУ-ын Худалдааны сайд Говард Лутникын урьдчилсан таамаглалаас доогуур орлоо. Лутник 3-р сарын 19-нд Fox News-д өгсөн ярилцлагадаа “Tesla-ийн хувьцаа дахиж ийм хямд байхгүй” хэмээн хэлж, хөрөнгө оруулагчдад худалдан авахыг уриалж байв.
Удалгүй Tesla-ийн гүйцэтгэх захирал Илон Маск ажилчиддаа хувьцаагаа зарж болохгүйг анхааруулсан нь тухайн үед анхаарал татаж байлаа.
Гэвч дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх уналтын нөлөөгөөр Tesla-ийн хувьцаа улам буурч, 2024 оны 12-р сард Трампын сонгуульд ялснаас хойш 55 хувиар унаад байна.
Сүүлийн долоо хоногуудад Tesla-ийн борлуулалт болон орлогын таамаглал буурсан бөгөөд энэ нь зарим судалгааны байгууллагуудын анхааруулгаас өмнө эхэлжээ. Хэдий Tesla нь Трампын зарласан 25%-ийн импортын татварын шууд нөлөөнд өртөхгүй ч, Илон Маск компаниа энэ бодлогоос бүрэн хамгаалж чадахгүйг хүлээн зөвшөөрсөн.
Wedbush-ийн шинжээч Дэн Айвз “Импортын татварын одоогийн загвар Tesla-ийн нийлүүлэлтийн сүлжээг доройтуулахаас гадна олон улсад өрсөлдөх стратегид сөргөөр нөлөөлнө” гэж мэдэгдэв. Тэрээр Tesla-ийн Хятадын зах зээлд эзэлж буй байр суурь хамгийн ихээр эрсдэлд ороод байгааг онцолсон.
“Хятадад Трампын татварын бодлого болон Масктай холбоотой шүүмжлэл нь тус улсын хэрэглэгчдийг Tesla бус, BYD, Nio, Xpeng зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийг сонгох шалтгаан болж байна” хэмээн Айвз үзэж байна.