Цахим спортын “Counter-Strike 2” төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “ESL Pro League” 22 дахь улирал ид дундаа өрнөж байна. Өчигдөр /2025.10.08/ тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өндөрлөж, плей-оффт өрсөлдөх багууд тодорлоо.
The MongolZ багийн аялал
Энэ жил оролцсон бараг бүх тэмцээндээ шигшээд шалгарч, тогтмол өндөр амжилт үзүүлж байсан “The MongolZ” баг энэ удаад Украины хүчирхэг “NaVi” багт хожигдон тэмцээнээс хасагдлаа.
Сүүлийн саруудад дэлхийн чансааг тэргүүлж, гурван дараалсан гранд финалд тоглоод байсан “bLitz”-ийн залуус Шведийн тайзанд энэ удаа тааруу тоглолт үзүүлэв.
Хоёрдугаар шатнаас тэмцээнээ эхэлсэн “The MongolZ” эхний хоёр тоглолтдоо дараалан хожигдсон ч, дараагийн хоёр хасагдах шатны тулаанд ялалт байгуулж 2-2 амжилттай болсон. Гэвч Украины “NaVi” шийдвэрлэх тоглолтод илүүрхэж, 2:0 харьцаатай ялалт байгуулан плей-оффт шалгарчээ.
Тоглогчдын сэтгэгдэл
Тоглолтын дараа “The MongolZ”-ийн Techno багийн бэлтгэлийн байдлыг хөндөж: “Бид илүү их бэлтгэл хийх хэрэгтэй байна,”
хэмээн хэлсэн нь тэдний тоглолтын гол сургамж байлаа.
Харин “NaVi”-ийн мэргэн бууч Игорь “w0nderful” Жданов тоглолтын дараа: “Nuke үнэхээр амархан байлаа. Би өөрийгөө ингэж тоглоно гэж бодоогүй. Гайхлаа. Хүссэн бүхнээ л хийж байлаа,” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
“The MongolZ” багийн дараагийн томоохон тэмцээн болох “Thunderpick World Championship 2025” энэ сарын 15-нд Мальтад эхлэх бөгөөд тэд дахин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэж байна.