Тэнцвэртэй хооллолт нь стрессийн гол даавар болох кортизолын түвшинг хянахад тусалдаг. Стресс болон ядаргаа нь биднийг тогтмол хооллохоо болих, чихэрлэг зүйлд дурлах, шөнө хөргөгч рүү гүйх зэрэг буруу зуршил руу хөтөлдөг. Энэ нь эргээд илүүдэл жин, сэтгэл зүйн тогтворгүй байдлыг үүсгэдэг.
Британийн хоол зүйч Эмма Дербишир: “Уураг, эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэж, эрчим хүчний түвшинг тогтвортой байлгаснаар бие махбодийн стрессийн хариу үйлдлийг зөөлрүүлж болно” гэж онцолжээ.
Шинжээчдийн зөвлөсөн стресс бууруулах хүнснүүд:
1. Өглөөг овъёос эсвэл өндөгөөр эхлүүл
Тэнцвэртэй өглөөний цай нь кортизолыг хэвийн хэмжээнд барьдаг. Өндөг нь чанартай уураг, овъёос нь цусан дахь сахарыг тогтвортой байлгах удаан нүүрс усны эх үүсвэр болдог. Мөн эдгээр нь дархлаа болон стресс тэсвэрлэх чадварт шаардлагатай витамин D-г агуулдаг.
2. Долоо хоногт ядаж нэг удаа өөхлөг загас хэрэглэ
Яргай, сардин, туулай загас зэрэгт агуулагдах Омега-3 өөхний хүчил нь биеийн үрэвслийг намдааж, стрессийн дааврыг дарангуйлах байгалийн эм болдог. Хэрэв загас идэх боломжгүй бол загасны тосны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
3. Жүрж, жимсгэнэ, хар шоколад
Витамин С нь бөөрний дээд булчирхайн эрүүл мэндэд чухал үүрэгтэй бөгөөд кортизолын түвшинг хурдан хэвийн болгоход тусалдаг. Киви, жүрж, жимсгэнэ идэх нь хамгийн тохиромжтой. Жимсгэнэ нь мөн бие махбодийг хамгаалах флавоноидоор баялаг.
4. Гүн ногоон өнгөтэй навчит ногоо
Бууцай, кале байцаа, мангольд зэрэг нь магни болон фолат (витамин B9) агуулдаг. Магни дутагдвал стресст өртөмтгий болдог бол фолат нь сэтгэл санааг зохицуулдаг нейромедиаторуудыг дэмждэг.
Алкоголь нь түр зуур тайвшруулах мэдрэмж төрүүлдэг ч физиологийн хувьд кортизолын түвшинг ихэсгэдэг. Энэ нь нойрны чанарыг алдагдуулж, маргааш нь стрессийг улам нэмэгдүүлдэг.
Сахар болон боловсруулсан бүтээгдэхүүн: Нарийн боов, цагаан талх, гоймон зэрэг нь цусан дахь сахарыг огцом өсгөдөг. Бие махбодь үүнийг тогтворжуулахын тулд кортизолыг их хэмжээгээр ялгаруулж эхэлдэг байна.
Хооллолтоос гадна дутуу нойр, хэт их кофеин, өвлийн улиралд нарны гэрэл дутагдах зэрэг нь стрессийн түвшинд хүчтэй нөлөөлдөг болохыг эмч нар анхаарууллаа.
