2025 оны аравдугаар сарын 9-нд болсон 17 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам “Хангарди” шагнал гардуулах ёслолоороо өндөрлөлөө. Тус наадмаас “Татар” уран сайхны кино хоёр номинацид ялалт байгуулж, шилдэг зураглаач, шилдэг зураач гэсэн хоёр цомын эзэн болсон байна.
“Татар” киноны ололт ба уран бүтээлчид
Хип-хоп урсгалаар Монголд нэрээ гаргасан “Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн тус кино нь нийт долоон төрөлд нэр дэвшсэн бөгөөд:
- Шилдэг зураглаачаар Г.Гүенбаатар,
- Шилдэг зураачаар Н.Болор-Эрдэнэ
тус тус шалгарчээ.
Энэхүү бүтээлийг “Татар” хамтлаг “Аранжин пикчерс”, “Promix Sound”, “Red Point Media”, “SO Media” студийн хамтран бүтээсэн бөгөөд кино нь одоо улсын бүх кино театруудаар гарч байгаа юм.
“Улаанбаатар” кино наадмын онцлог
Энэ жилийн наадмын хөтөлбөрт Монгол, Иран, Франц, Герман, Бразил, Норвеги, Хятад, Исланд, Литва, Финланд, Итали, Австрали, Швейцар, Куба, Унгар, Япон зэрэг 17 улсын 2024–2025 онд бүтээгдсэн уран сайхны болон баримтат кинонууд багтжээ.
Мөн “Үзэхийн хязгаар” хэмээх хэсгээр Монголын сор уран бүтээлчдийн сонгодог бүтээлүүдийг дахин танилцуулж, “Хангарди” монгол киноны уралдаант хэсэг, “Залуу үзэгч” кино боловсролын хөтөлбөр, кино уран бүтээлчдийн форумаар үргэлжилж байна.
Наадам “Тэнгис” болон “Prime Cineplex Encato” кино театруудад зохион байгуулагдаж байгаа юм.