Монголын хип хоп урсгалыг зөв чиглэлд хөгжүүлсэн “Татар” хамтлаг өөрсдийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAR” уран сайхны киногоо удахгүй үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Хүн хүнээрээ бай”, “Бусдын хайрыг хүндэл”, “Ганц олдох насандаа”, “Гүй жаал аа, гүй”, “Энэ хүү”, “Ардын багш”, “Улаанбаатарын нулимс”, “Нулимс дуссан хайр”, “Ганцаараа” зэрэг уран бүтээлээрээ үзэгчдэд гүн утга, өвөрмөц илэрхийлэл бүхий мессежийг хүргэж ирсэн тус хамтлаг энэ удаад өөрсдийн түүхийг дэлгэцэнд амилуулж байна.
Киноны бүтээлч баг ба гол дүрүүд
Энэхүү киног “ТАТАР”, “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media” хамтран бүтээжээ. Зохиолыг А.Миеэгомбо, Т.Билгүүн, Л.Ариунболд нар хамтран бичсэн бол ерөнхий продюсероор Д.Мөнхчулуунтатар, ерөнхий найруулагчаар Б.Батдэлгэр ажиллажээ. Гол дүрүүдэд жүжигчин, реппер Gangaa буюу Д.Ганбат, Х.Сумъяадорж, Н.Түвшин, Б.Тэмүүжин, Б.Балжинням нар тоглосон байна.
“Татар” хамтлагийн онцлох амжилтууд
“Татар” хамтлаг нь Монголын хип хоп урсгалд томоохон хувь нэмэр оруулсан анхдагч хамтлагуудын нэг юм. Тэд Монголдоо анх удаа:
- Enhanced CD гаргаж,
- Фэн клуб байгуулж,
- Цомгийн өдөрлөг зохион байгуулж,
- Гадаадын зах зээлд чиглэсэн ажлуудыг эхлүүлж,
- Бие даасан бүрэн хэмжээний амьд тоглолт хийж,
- Олон мянган залуусыг хамруулсан нийгмийн сайн үйлсийн аян өрнүүлсэн.
Эдгээр амжилтаараа “Татар” бусад хип хоп хамтлагуудаас ялгарч, Монголд хип хоп хөгжмийг олон нийтэд хүлээн зөвшөөрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Киноны утга санаа
“TATAR” кино нь зөвхөн хамтлагийн түүхийг өгүүлээд зогсохгүй, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, тэдний сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлнэ. Хөгжим тэдний амьдралыг өөрчилсөн бол тэдний түүх одоо дэлгэцэнд амилж байна. Энэхүү уран бүтээл есдүгээр сарын 19-нөөс эхлэн Монголын бүх кинотеатруудаар гарах бөгөөд үзэгчдийг гүн утга санаа, сэтгэл хөдөлгөм түүхээр татах нь дамжиггүй.