2025 оны аравдугаар сарын 8-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар эдийн засаг, эрчим хүч, соёлын өв хамгаалал болон нийгмийн ил тод байдлыг хангахтай холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийг гаргалаа.
Нүүрстэй холбоотой гэрээ, баримт бичгийг ил болголоо
Засгийн газар “Төрийн нууцад хамаарах мэдээллийг ил болгох тухай” тогтоолын төслийг баталж, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрс худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох баримт бичгүүдийг ил болгохоор шийдвэрлэв.
Энэ хүрээнд:
- “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон Хятадын “Чайна Энержи” компанийн хооронд хийгдсэн хэлэлцээрийн баримт бичгүүдийг ил болгоно
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2020–2022 онд байгуулсан 32 нүүрс нийлүүлэх гэрээг компанийн цахим хуудсанд нээлттэй байршуулж, иргэдийн хяналтад хүргэнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар холбогдох албан тушаалтнуудад байгалийн баялаг, бүтээн байгуулалттай холбоотой гэрээ хэлэлцээрийг цаашид ил тод, нээлттэй зохион байгуулахыг үүрэг болголоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод сонгон шалгаруулна
2025 оны долдугаар сараас хойш тус компанид онцгой дэглэм тогтоон ажиллаж буй Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн баг эдийн засгийн өсөлт, валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүн гаргасан байна.
Иймд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлыг ил тод, шударга зарчмаар сонгон шалгаруулах үүргийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогтод даалгалаа.
Эдийн засгийг төрөлжүүлэх чухал төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлнэ
“Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 149 хөгжлийн төслийг ач холбогдол, хэрэгжих боломж, нийгэм-эдийн засгийн үр нөлөөгөөр нь эрэмбэллээ.
Төсөл, хөтөлбөрүүдийг дараах чиглэлд ангилсан байна:
- Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
- Эрчим хүчний шинэчлэл
- Бүсчилсэн хөгжил
- Ногоон хөгжил
- Хүний хөгжил, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан
Төслүүдийн дундаас эдийн засгийг төрөлжүүлэх, экспорт, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох ач холбогдолтой төслүүдийг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тодорхойлжээ.
Богд хааны өвлийн ордныг сэргээн засварлахад Энэтхэгтэй хамтарна
Монгол Улсын Засгийн газар болон Энэтхэг Улсын Засгийн газар хооронд “Богд хааны өвлийн ордныг хамгаалах, сэргээн засварлах” санамж бичиг байгуулах эрхийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрамд олголоо.
Энэхүү төслийн хүрээнд ордны түүх, соёлын өвийг олон улсын стандартын дагуу сэргээн засварлаж, үзүүллэгийн орчин, дэглэлт, дотоод тохижилтыг шинэчилж, үзэгчдийн тав тухыг хангах ажлыг хэрэгжүүлэх юм.
Г.Дамдинням: “Шатахууны нийлүүлэлт, нөөц хэвийн байна”
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт тогтвортой байгааг мэдэгдэв. Одоогоор улсын хэмжээнд 195,880 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх нөөц бүрдүүлээд байна.
64 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, нөөц бүрдүүлэх ажлыг 2026 оны 1-р сарын 31-ний дотор бүрэн хангах чиглэл өгчээ.
Товч мэдээ
Монгол Улс болон НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын хооронд “Хүртээмжтэй, тогтвортой аж үйлдвэрийн хөгжлийг дэмжих хөтөлбөр (2025–2027)” төслийг хэлэлцэн дэмжив.
Уг хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт олгов.