Мэргэжлийн бөхийн нэр хүндтэй “PWL” лигийн 11 дэх удаагийн тэмцээн энэ сарын 27-нд Узбекистан Улсын нийслэл Ташкент хотын “Humo Arena” цогцолборт болох гэж байна. Тус үдэш нийт 12 барилдаан явуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байгаа ч зохион байгуулагчдын зүгээс тоглолтын хуваарийг өдөр бүр шинэчлэн баяжуулсаар байгаа юм. Монголын спорт сонирхогчдын анхаарлын төвд манай улсын шилдэг бөх Т.Тулга болон талбайн эзэн орны тамирчин Умижон Жалолов нарын халз барилдаан зүй ёсоор багтаж байна.
Тэдний барилдаан 70 кг-ын жинд явагдах бөгөөд Т.Тулгын өрсөлдөгч Умижон Жалолов нь 23 настай, 2025 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2022 оны залуучуудын дэлхийн аварга зэрэг өндөр амжилтуудыг эзэмшдэг. Хоёр бөх өмнө нь нийт дөрвөн удаа учраа тааран барилдахад Т.Тулга гурван удаад нь ялалт байгуулж, өрсөлдөгчөө илүүрхэж байжээ. Тэдний өмнөх барилдаануудын үр дүнг эргэн сануулбал:
- Бишкек-2023 (Чансааны тэмцээн): 1/8 финалд Т.Тулга 6:5-аар ялсан.
- 2023 оны Азийн АШТ: Хагас шигшээд Т.Тулга 5:2-оор ялсан.
- Алматы-2022 (Чансааны тэмцээн): Хагас шигшээд Т.Тулга 5:1-ээр ялсан.
- Истанбул-2022 (Чансааны тэмцээн): Хүрэл медалийн төлөөх барилдаанд Жалолов 5:4-өөр ялсан.
“PWL 11” тэмцээний үеэр Т.Тулгаас гадна дэлхийн шилдэг бөхчүүд болох Заурбек Сидаков, Акжол Махмудов, Луис Орта Санчес болон эмэгтэйчүүдийн 76 кг-д хүч үзэх Айпери Медет кызы нарын олон сонирхолтой тулаанууд хүлээж байна. Түүнчлэн ОХУ-ын Осман Султанов, Ибрагим Ибрагимов нарын шилдэг тамирчид ч дэвжээнд гарах юм. Энэхүү арга хэмжээ нь олимп, дэлхийн аваргуудыг нэгэн дэвжээнд цуглуулж буйгааараа чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд байна.
