Бахрейн улсын Манама хотод зохион байгуулагдаж буй Азийн залуучуудын III наадам үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд Монгол Улсыг төлөөлөн триатлонын төрөлд залуу тамирчин Түвшинтөрийн Баяр оролцох гэж байна.
Т.Баяр нь Монгол-Оросын хамтарсан III дунд сургуулийн 10-р ангийн сурагч бөгөөд 2025 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, триатлоны шилдэг өсвөрийн тамирчдын нэг юм.
“Бахрейн-2025” Азийн залуучуудын наадмын хөвгүүдийн төрөлд 37 оролцогч, охидын ангилалд 24 тамирчин хурд, тэсвэрээ сорин өрсөлдөж байна. Тус тэмцээн нь “Дакар-2026” залуучуудын олимпын эрхийн тэмцээн учраас өрсөлдөөн тун ширүүн өрнөх төлөвтэй байна.
Т.Баярын уралдаан арваннэгдүгээр сарын 23-нд, Бахрейны цагаар 06:00 цагт, Улаанбаатарын цагаар 11:00 цагт эхэлнэ. Монголын спорт сонирхогчид түүний уралдааныг анхааралтай ажиглах болно.
