Өмнөговь аймаг дахь Хилийн цэргийн 0131 дүгээр ангид алба хааж байсан хугацаат цэрэг 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр сураггүй болсон талаар мэдээлэгдээд байсан. Тэгвэл эрэн хайх ажиллагаанд оролцсон алба хаагчид, эрлийн багийнхан 19 настай Г.С-ыг эсэн мэнд олсон байна.
Урьдчилсан мэдээллээр тэрбээр албаны мотоциклоосоо унаж, тодорхой хэмжээний гэмтэл авсан ч амин үзүүлэлт нь хэвийн байгаа аж. Нүүр болон гарын хэсгээрээ бэртсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь тогтвортой байна.
Г.С нь 2025 оны нэгдүгээр ээлжээр Өвөрхангай аймгийн Уянга сумаас цэргийн албанд татагдсан байжээ. Тэрбээр гуравдугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагийн орчимд үүрэг гүйцэтгэж байсан сууриасаа 6-8 километрийн зайд бэлчиж байсан тэмээн сүргийг эргүүлэхээр албаны мотоциклтой явсан бөгөөд үүнээс хойш холбоо тасраад байсан юм.
Эрэн хайх ажиллагаанд өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилласан байна. Тодруулбал:
- 17 бүлэг
- 17 автомашин
- 12 мотоцикл
- 6 дрон
Ийнхүү хэд хоногийн турш үргэлжилсэн эрлийн ажиллагааны үр дүнд хугацаат цэрэг Г.С-ыг эсэн мэнд олж, ар гэр, ойр дотнынхонд нь баяртай мэдээ хүргэлээ.
