Өнгөрсөн 2024 онд сурагчдыг поло цамцаар жигдрүүлнэ гэсэн яриа гарч байсан ч хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө Засгийн газрын хуралдаанаас нэгдсэн загварын одоогийн дүрэмт хувцсыг үргэлжлүүлэн өмсөхөөр шийдвэрлэсэн байв.
Өнгөрсөн жилийн шийдвэр ба сайдын мэдэгдэл
Энэ асуудлын талаар Боловсролын сайд П.Наранбаяр, “2025-2026 оны хичээлийн жилд дотооддоо үйлдвэрлэсэн ханцуйтай, ханцуйгүй поло цамц оруулж ирэх сонголтыг бий болгох судалгааг хийх, стандартад өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ажлыг эхлүүлж байна. Энэ ажлын хэсэгт хувийн хэвшил, эцэг эхийн төлөөлөл, мэргэжлийн болон бодлогын байгууллагуудаас оролцоно. Тиймээс энэ жил поло цамц өмсөхгүй. Сонголттой болгоно. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн бодлогоо үргэлжлүүлнэ. Стандартад өөрчлөлт оруулна” хэмээн мэдэгдэж байв.
Үүний дараа нийгэмд энэ хичээлийн жилээс эхлэн поло цамц өмсүүлэх болно гэсэн хүлээлт бий болсон. Гэвч өнөөг хүртэл уг шийдвэр албан ёсоор батлагдаагүй, ямар нэгэн эцсийн мэдээлэл гараагүй байна. Өөрөөр хэлбэл, энэ бодлого хоёр жил дараалан хойшлогдож байгаа юм.
Одоогийн байдал ба саад бэрхшээл
Поло цамцыг сурагчдын дүрэмт хувцасны нэг хэсэг болгох тухай стандартын комисс хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар дэмжигдсэн байна. Гэсэн ч нэг үзүүлэлттэй холбоотой тодруулга авах шаардлагатай болж, Нэхмэлийн хүрээлэнд хүсэлт илгээсэн хэвээр байна. Энэ тодруулга дуусмагц стандарт албан ёсоор батлагдах ёстой.
Одоо хичээл эхлэхэд ердөө дөрвөн хоног үлдээд байгаа ч энэ хугацаанд амжихгүй гэдгийг албаны хүмүүс мэдэгдэв. Үүний улмаас поло цамц нэвтрүүлэх шийдвэр хоёр дахь жилдээ хойшлогдож, шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр боллоо. Энэ байдал эцэг эх, асран хамгаалагчдад эргэлзээ төрүүлж, төөрөгдөл үүсгэж байна.