“МЭК” ХХК сар бүр нийгэм, улс төрийн нөхцөл байдлын талаарх тандалт судалгаа хийж, иргэдийн үнэлэмжийг олон нийтэд танилцуулдаг. Энэ удаа 2025 оны есдүгээр сарын 13–15-нд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн сонгуулийн насны 700 иргэнийг хамруулж, МАН-ын даргад иргэдийн хандлагыг судалжээ.
Судалгааны үр дүнгээс харахад иргэдийн 40 хувь нь “Хэн ч болсон ялгаагүй” гэж үзсэн бол 18 хувь нь “Мэдэхгүй” гэсэн хариулт өгсөн байна. Харин нэр зааж дэмжсэн хувийг авч үзвэл:
- 14 хувь нь Г.Занданшатарыг
- 13 хувь нь Д.Амарбаясгаланг
- 9 хувь нь “Татгалзсан”
- 6 хувь нь Л.Оюун-Эрдэнийг дэмжжээ.
Swot шинжилгээ
Ерөнхий сайд Г.Занданшатар
Давуу талууд:
- Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд, ЕТГ-ын дарга зэрэг өндөр түвшинд ажилласан туршлага
- Үндсэн хууль болон парламентын шинэчлэлд оролцсон туршлагаас үүдэн “системийн шинэчлэгч” гэх имижтэй
- Ахмад, дунд үеийн намын гишүүдийн дунд тогтвортой, хүлээцтэй улстөрчөөр үнэлэгддэг
- Ерөнхийлөгчийн шууд дэмжлэгтэй
- МАН-ын фракцуудыг эвлэрүүлэн зуучлах боломжтой
Сул талууд:
- Олон нийтийг татах харизм дутагдалтай
- Бие даасан бүлэглэл, санхүүгийн хүчтэй сүлжээ байхгүй
- Залуучуудын дунд “хуучинсаг” имижтэй болж болзошгүй
- Хэт төвийг сахисан байдал нь нам дорой харагдуулах эрсдэлтэй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
Давуу талууд:
- МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажилласан туршлага
- Намын бүтэц, орон нутгийн удирдлагуудтай өргөн сүлжээтэй
- Сонгуулийн кампанит ажил, зохион байгуулалт дээр туршлагатай
- Залуучуудтай нэгдэх, шинэчлэгчидтэй хамтрах чадвартай
- Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр идэвхтэй ажилладаг
Сул талууд:
- Бие даасан улс төрийн лидерийн дүрд харагдах нь сул
- Нийтийн дэмжлэгээс илүү дотоод механизм дээр түшиглэдэг гэж үнэлэгддэг
- Өндөр түвшинд манлайлагчийн шийдвэр гаргаж байгаагүй
- У.Хүрэлсүхтэй сөргөлдөөнд орсон нь сул тал болж болзошгүй
