Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн гуравдугаар хороонд улсын төсвийн санхүүжилтээр баригдаж буй 21 мянган м.кв талбай бүхий спортын задгай цогцолборыг ирэх долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэхүү төслийн зураг төсөл 2021 онд боловсруулагдаж, дараа жил нь буюу 2022 онд газар чөлөөлөх ажлыг хэрэгжүүлжээ. Газрыг чөлөөлөх явцад тухайн хэсэгт оршин суудаг 24 айлтай зөвшилцөн нүүлгэн шилжүүлсэн байна. Үүний дараа барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Спорт цогцолборын бүтэц:
- Хөлбөмбөгийн талбай: 95х45 хэмжээтэй, олон улсын шаардлагад нийцсэн
- Сагсан бөмбөгийн талбай:
- 3х3 сагсан бөмбөгийн 1 талбай
- 5х5 сагсан бөмбөгийн 2 талбай
- Талбайн теннис: 2 талбай
- Гүйлтийн зам: 6 эгнээтэй, стандартын дагуу
- Хүүхдийн тоглоомын болон бие бялдаржуулах талбай
- Гэрэлтүүлэг, ногоон байгууламж: Орон нутгийн орчныг сайжруулах шийдлүүдийг хамтад нь тусгасан
Тус цогцолбор нь нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд хоёр дахь том задгай талбайд тооцогдож байгаа бөгөөд иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх боломжийг өргөжүүлэх зорилготой юм.