Их Британийн Ноттингем хотын оршин суугч Софи Дауннинг кофены газрын бэлгийн картнаас системийн алдааны улмаас ер бусын их үлдэгдэл илрүүлжээ. Түүний картан дээрх дүн одон орны тоо болох 63 квадриллион фунт стерлингт хүрсэн байна. Энэ нь түүнийг Америкийн тэрбумтан Илон Маскаас даруй 100,000 дахин баян болгосон гэсэн үг юм.
Энэхүү хачирхалтай хэргийн талаар Mirror сонинд үндэслэн Mongolnews24.com мэдээллээ. Софи Христийн мэндэлсэн өдрөөр кофены сүлжээ газрын бэлгийн карт авсан бөгөөд дотор нь 10 орчим фунт стерлинг байгаа гэж бодож байжээ. Гэвч 2-р сарын дундуур кофе худалдаж авах үед кассын системд санаанд багтамгүй их дүн гарч ирсэн байна. Тэрээр кофены газрын ажилтан ч энэ тоог хараад маш их гайхсан гэдгийг онцолжээ.
Хэдийгээр карт дээрх дүн асар их байсан ч бодит байдал дээр энэ мөнгийг зөвхөн тухайн кофены газрын ундаа, нарийн боов зэрэгт л зарцуулах боломжтой юм. Британи бүсгүй энэ явдалд хошин байдлаар хандаж, өмнө нь хэзээ ч ийм алдаатай тулгарч байсангүй хэмээн ярьжээ.
Софи хэд хоногийн дараа картаа дахин шалгахад алдаатай үлдэгдэл хэвээр байсан байна. Гэсэн хэдий ч тэрээр ямар нэгэн үл ойлголцол гарахаас болгоомжлон картыг ашиглахаас түр татгалзжээ. Одоогийн байдлаар кофены газрын төлөөлөгчид түүнтэй холбогдоогүй байгаа аж.
Урьдчилсан таамагаар, зураасан код уншуулах үед гарсан техникийн алдаа эсвэл систем дэх мөнгөн дүн тооцооллын доголдлоос болж ийм зүйл болсон байж болзошгүй юм. Софи энэхүү нөхцөл байдлыг урвуулан ашиглах бодолгүй байгаа бөгөөд компаниас картыг хэвийн болгохыг хүлээж байгаагаа хэлжээ.
