2025 оны зургаадугаар сарын 27-нд “GEM Mall” худалдааны төвд эхнэрийнхээ амийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон Н.Э-д холбогдох шүүх хурал болж, шийдвэрээ танилцууллаа.
Шүүхээс Н.Э-г бүх насаар нь хорих ялтай гэж үзэж, хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр тогтов. Мөн хохирогчийн гэр бүлд нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэв:
- Сэтгэл санааны хохиролд 19.793.197 төгрөг
- Хүүхдийн сэтгэцийн хор уршгийн зардалд 162.000.363 төгрөгийг хохирогчийн төрсөн хүү Д-д олгох
- Өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, цаашид нэмэлт нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн
Шүүхийн бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 болон 2.8 дахь хэсгийн дагуу “онц харгис хэрцгийгээр” хүний амь бүрэлгэсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.
Талуудын байр суурь
- Прокурор: Н.Э-д бүх насаар нь хорих ял оноох санал дэвшүүлэв.
- Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа: “Бүх насаар нь хорихоос гадна эцэг байх эрхийг нь хасах шаардлагатай” гэж мэдэгдэв.
- Яллагдагчийн өмгөөлөгч: Тухайн ялыг хугацаатай тогтоож, гурван хүүхэд нь аавыгаа эргэж хүлээх боломжтой байх ёстой гэж тайлбарлав.
- Хохирогчийн эгч: “Энэ хэргийг миний дүүг үзэн ядсандаа үйлдсэн. Ялыг хөнгөрүүлэхийг зөвшөөрөхгүй, дээд хэмжээний ял оноохыг шаардаж байна” гэж хэлэв.
- Яллагдагч Н.Э: “Эхнэрийнхээ гэр бүлээс уучлал хүсэж байна, өөр хэлэх зүйлгүй” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Өмгөөлөгчийн байр суурь
Хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа хэлэхдээ: “Бид гурван өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдаанд оролцлоо. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10-р зүйлийн 10.1.2 хэсэгт заасны дагуу хүнийг харгис хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт буруутай гэж шүүх үзэж бүх насаар нь хорих ял оноолоо. Түүнчлэн хүүхдийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэсэн нь онцлох зүйл болсон. Энэ бол хүний амьд явах эрх, шударга ёсны зарчим, тэгш эрхийг хангаж гарсан шийдвэр юм.”