Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Засгийн газар 2017 оноос гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээнд тарифын хөнгөлөлт үзүүлж эхэлсэн. Энэ зохицуулалт жил бүр хүйтний улиралд хэрэгждэг бөгөөд энэ жилийн хувьд өнөөдрөөс албан ёсоор зогсож байна.
Шөнийн тарифын хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл үйлчилдэг байсан. Тус хөнгөлөлтөд нийслэл, аймгийн төвүүд болон 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхүүд орой 21.00 цагаас өглөөний 09.00 цаг хүртэлх хэрэглээгээрээ хамрагддаг байв.
Хөнгөлөлтөд дараах шаардлагыг хангасан өрхүүд хамрагддаг:
- Цахилгааны үлдэгдэл төлбөргүй байх
- Зөвхөн ахуйн хэрэгцээ болон амьдарч буй гэр, сууцаа халаах зориулалтаар ашиглах
- Цагийн ялгаварт тарифтай тоолууртай байх
Төлбөр тооцоог хийхдээ тоолуурын заалтад үндэслэн өдөр, орой, шөнийн хэрэглээний эзлэх хувийг гаргаж, түүнийг 150 квт.ц, 151-300 квт.ц, 300 квт.ц-аас дээш гэсэн гурван шатлалт тарифт ангилан боддог журам үйлчилж ирсэн байна.
