Ойрхи Дорнодод хоёрдугаар сарын сүүлээр эхэлсэн Ирантай холбоотой зөрчил, цэргийн үйл ажиллагаа нь дэлхийн нефтийн нийлүүлэлтэд эрсдэл үүсгээд байна. Үүний нөлөөгөөр газрын тосны үнэ богино хугацаанд огцом өсөж, хэдхэн хоногийн дотор 110 ам.доллар-ыг давсан үзүүлэлттэй байна.
Энэхүү нөхцөл байдал Зүүн Азийн орнуудын эдийн засагт шууд дарамт үзүүлж эхэлжээ. Тус бүс нутагт шатахууны үнэ нэмэгдэхийн зэрэгцээ зарим улс оронд хомсдол үүсч, Засгийн газрууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
- Шатахууны үнийн дарамтыг бууруулах зорилгоор татвар багасгах
- Төсвийн зардлыг танах
- Стратегийн нөөцөөс шатахуун гаргах
Зарим улсад нөхцөл байдал илүү хүндэрч, тодорхой хязгаарлалт хэрэгжиж эхэлжээ. Тухайлбал, Шри Ланка шатахууны хомсдолоос үүдэн ажлын долоо хоногийг дөрөв хоног болгосон бол Бангладеш, Пакистан зэрэг оронд шатахууны үнэ өсөхийн зэрэгцээ цахилгаан тасалдал, хэрэглээний хязгаарлалт бий болсон байна.
Шинжээчдийн дүгнэлтээр одоогийн үнийн өсөлт бүрэн жижиглэнгийн зах зээлд шингээгүй байгаа бөгөөд ойрын хугацаанд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэд нөлөөлөх төлөвтэй байна. Хэрэв нефтийн нийлүүлэлтийн чухал гарц болох Ормузын хоолой дээр саатал үргэлжилбэл үнийн өсөлт улам эрчимжиж, бүс нутгийн эдийн засагт илүү ноцтой нөлөө үзүүлэх эрсдэлтэйг анхааруулж байна.
Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээний 100 хувь нь импортоос хамааралтай. Сард дунджаар 85-95 мянган тонн АИ-92 хэрэглэдэг бөгөөд нийт хэрэгцээний 95 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас нийлүүлдэг. Үүнээс 60 мянган тонн шатахууныг 2028 он хүртэл ОХУ-аас тогтмол үнээр авах гэрээтэй байгаа нь үнийн тогтвортой байдалд тодорхой хэмжээнд нөлөөлж байна.
Гэвч эдийн засагчид олон улсын нөхцөл байдал хурцдаж буй энэ үед Монгол Улс эрсдэлд өртөх боломжтойг анхааруулж байна. Эдийн засагч Р.Даваадорж “АНУ болон Израйлийн зүгээс Иран улс руу цохилт өгсөн эхний өдөр Азийн бүх улсуудын хөрөнгийн биржийн хувьцааны үнэ унасан. Европт байгалийн шингэрүүлсэн хийн үнэ анхны өдрөө 30 хувь өссөн зэрэг дэлхийн зах зээл хөдөлгөөнд орж, хариу арга хэмжээгээ авч байна. Гэтэл Монгол Улс шомбойж суучихаад ОХУ-д найдаад суугаад байж болохгүй. ОХУ дайнтай байгаа учраас олон улсын зах зээл дээр нефтийн үнэ өсдөг л юм бол шууд үнээ нэмнэ. Тэгэхээр энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй. Бид хэрэглэгч орон учраас нефть, бордооны үнэ өснө гэдгээ тооцоолох шаардлагатай. Ерөнхийдөө их хүнд жил ирнэ гэж харж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү дэлхийн зах зээл дээрх үнийн савлагаа, нийлүүлэлтийн эрсдэл нь Монгол Улсад шууд болон шууд бус байдлаар нөлөөлөх магадлал өндөр байгааг эдийн засагчид онцолж байна.
