Улаанбаатар хотын хүн амын хэт төвлөрөл, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор дэд төвүүдийг хөгжүүлэх бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Баянхошуу болон Шархадын дэд төвүүдэд нийт 5000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Тодруулбал:
- Баянхошуу: 41.3 га талбайд 2816 айлын орон сууц
- Шархад: 19.2 га талбайд 2184 айлын орон сууц
Шархад дэд төвийн хувьд I үе шатанд 5.4 га талбайд 338 айлын орон сууц барихаар төлөвлөсөн бол II үе шатанд 13.8 га талбайд 1846 айлын орон сууц барина.
Нэгдүгээр шатны барилгын ажлын явц
Шархад дэд төвийн I үе шатны төслийн хүрээнд 110 айлын орон сууцны барилгын ажил бүрэн дууссан байна. Одоогоор бусад барилгын ажлуудын явц дараах байдалтай байна:
- S27-2 талбар: 152 айлын орон сууцны барилгын ажил 42%-ийн гүйцэтгэлтэй
- S27-2-1 талбар: 76 айлын орон сууцны барилгын ажил 18.5%-ийн гүйцэтгэлтэй
Барилгын ажилтай зэрэгцэн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн ажлууд хийгдэж байна. Инженерийн дэд бүтцийн ажлын гүйцэтгэл 95%-тай явагдаж байгааг төслийн нэгжээс мэдээллээ.
Хоёрдугаар шатны төлөвлөгөө
Шархад дэд төвийн II үе шатанд 1846 айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Одоогоор дараах ажлууд хийгдэж байна:
- Зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийг бүрэн боловсруулсан
- Газар чөлөөлөлт, иргэд болон аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөх ажил явагдаж байна
- Нөхөн олговрын үнэлгээ хийгдэж байна
- Тендерийн баримт бичгийг боловсруулж байна
Төслийн ач холбогдол
Энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын бүсэд зөвхөн орон сууц, зам, инженерийн шугам сүлжээ баригдаад зогсохгүй, дараах ухаалаг шийдлүүд нэвтрэнэ:
- Дулаан хангамжийн шинэ технологи
- Усан хангамжийн оновчтой систем
- Эрчим хүчний хэмнэлттэй шийдлүүд
Эдгээр нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой амьдрах орчныг бий болгоно. Түүнчлэн хувийн хэвшлийн оролцоог дэмжих, иргэдэд хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар урт хугацааны ногоон санхүүжилтийн загварыг хөгжүүлэхээр ажиллаж байна.