Өндөр Гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр Гэгээний бүтээл шаазан урлалд” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн маргааш буюу намрын адаг сарын 25-нд “Богд хааны ордон музейд” нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн 2025 оны 11-р сарын 14-21-ний хооронд олон нийтэд үнэ төлбөргүй дэлгэгдэх юм.
Үзэсгэлэнгийн зорилго
Энэхүү үзэсгэлэн нь Монголын төдийгүй дэлхийн урлагийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн Өндөр Гэгээн Занабазарын урлагийн өвийг орчин үеийн шаазан урлалаар дахин амилуулах зорилготой. “Их Монгол төсөл”-ийн хүрээнд зохион байгуулж буй уг арга хэмжээ нь:
- Өндөр Гэгээний бүтээлийг орчин цагийн уран бүтээлтэй хослуулах,
- Монголын шаазан урлалыг дэлхийн түвшинд сурталчлах,
- Үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэх зорилготой юм.
Урлаач Х.Хадхүүгийн бүтээл ба уран бүтээлийн арга барил
Шаазан, ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү нь 40 орчим жилийн турш Өндөр Гэгээн Занабазарын хийц, урлагийн онцлогийг гүнзгий судалж иржээ. Тэрээр “21 Дарь эх” болон Занабазарын дэг сургуулийн бүтээлүүдийг шаазан, керамик урлалын хэлбэрээр дахин бүтээж, монгол ахуй, зан заншил, түүхэн хүмүүсийн дүрийг урладаг.
Түүний бүтээлийн онцлог нь дараах шат дараалсан нарийн технологид оршдог:
- Олон үеийн хэв авалт, давтан цутгалт
- Өндөр температурын давтан шатаалт
- Паалан, будаг, өнгөний нарийн найрлага
- Залгаасгүй цутгалтын арга
Эдгээрийг нарийн чанд баримтлан, гар урлалын сэтгэл, шинжлэх ухааны нарийн тооцоо хослуулсан бүтээлүүдийг урладаг нь түүнийг бусдаас ялгаруулдаг.
