2024–2025 оны Үндэсний дээд лигийн улиралд Монголын сагсан бөмбөгийн спортод тэсрэлт хийж, олны анхаарлыг татсан баг бол яахын аргагүй “Сэлэнгэ Бодонс”. Өнгөрсөн улирал тэд дэлхийн хэмжээний супер од, НБА-ийн 4 удаагийн бүх оддын тоглогч, Олимп болон Дэлхийн аварга ДеМаркус Казинс-ыг (Boogie) багтаа элсүүлж, хүрэл медаль хүртсэнээр Монголын сагсан бөмбөгийн түүхэнд шинэ хуудсыг нээсэн юм.
Харин энэ жил тус багийн зүгээс шинэ улирлын бүрэлдэхүүнээ есдүгээр сарын 1-нд албан ёсоор танилцуулах гэж буйгаа мэдэгдлээ. Одоогийн байдлаар багийн удирдлагууд Монголын шилдэг тоглогчдыг элсүүлэх талаар идэвхтэй хэлэлцээр хийж байгаа бөгөөд шинэ улиралд илүү өрсөлдөхүйц бүрэлдэхүүнтэй оролцохоор зорьж байна.
Түүнчлэн “Сэлэнгэ Бодонс” баг болон “Бодонс Спорт Менежмент” ХХК-ийн мэдээлснээр, тэд 2022–2024 оны хооронд НБА-д тоглож байсан 4-5 төвийн тоглогчтой хэлцэл хийж байгаа бөгөөд плэйофф болон финалын шатны өмнө тус багт тоглох шинэ НБА-ын тоглогчийн нэрийг зарлах аж.
Монголын сагсан бөмбөгт дэлхийн оддыг авчирч, спортын салбарт шинэ уур амьсгал оруулж буй “Сэлэнгэ Бодонс” багийн энэ удаагийн зарлал олон хүний хүлээлтийг улам ихэсгэж байна.