Гал морин жилийн Сар шинийн баярын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэхээр тусгай хуваариар ажиллана. Нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүд болон Өрхийн эрүүл мэндийн төвүүд баярын өдрүүдэд бэлэн байдлаа хангаж, дотор, хүүхэд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн кабинетуудаа нээхээр болжээ.
Баярын өдрүүдийн ажиллах цагийн хуваарь болон үйлчилгээний төрлийг доорх жагсаалтаас харна уу.
Эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь:
- Дүүргийн Эрүүл мэндийн төвүүд: 2026 оны хоёрдугаар сарын 17-нд 10:00-14:00 цагийн хооронд, харин хоёрдугаар сарын 18-аас 20-ны өдрүүдэд 11:00-15:00 цагийн хооронд ажиллаж, иргэдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үзүүлнэ.
- Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв: Баярын дөрвөн өдөр буюу хоёрдугаар сарын 17-20-ныг дуустал өдөр бүр 10:00-14:00 цагийн хооронд яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авна.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд: Баярын дараах өдрүүд буюу хоёрдугаар сарын 21, 22-ны амралтын өдрүүдэд 10:00-14:00 цагт анхан шатны тусламж, зөвлөгөөг иргэдэд өгөхөөр төлөвлөжээ.
Иргэд та бүхэн баярын үеэр хоол боловсруулах эрхтний хямрал болон аливаа гэмтэл бэртлээс сэргийлж, шаардлагатай тохиолдолд дээрх цагийн хуваарийн дагуу өөрт ойр байрлах эмнэлгийн байгууллагад хандах боломжтой. Мөн яаралтай түргэн тусламжийн 103 төв баярын өдрүүдэд 24 цагаар тасралтгүй ажиллах юм.

