Дэлхийн хамгийн том халуун цөл болох Сахар ховор үзэгдлээр дэлхий нийтийг гайхшрууллаа. Улбар шар өнгийн элсэн манхнууд цасанд дарагдаж, цагаан өнгөөр туяарч байна. “Daily Mail” хэвлэлийн мэдээлснээр, “Цөлийн хаалга” гэгддэг Айн-Сефра хотод агаарын температур тэг хэмээс доош орж хүйтэрснээр ийнхүү цас оржээ.
Энэ нь сүүлийн 40 жилийн хугацаанд тус бүс нутагт цас орсон долоо дахь тохиолдол юм. Сонирхолтой нь, сүүлийн арван жилийн хугацаанд ийм төрлийн байгалийн аномали буюу гажуудал өмнөхөөсөө хавьгүй ойрхон давтамжтай ажиглагдах болжээ.
Хэдийгээр нутгийн иргэд энэхүү сонирхолтой үзэгдлийг баяртайгаар хүлээн авсан ч цасан бүрхүүл удаан тогтсонгүй. Бороо орж, агаарын температур нэмэгдсэн тул нимгэн цас хурдан хайлж эхэлсэн байна. Айн-Сефра хот Атласын нурууны бэлд байрладаг нь агаарын температур огцом хэлбэлзэхэд нөлөөлдөг ч эрдэмтэд ийнхүү цас орох давтамж нэмэгдэж байгааг дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байна.

