Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар С.Бямбацогтыг УИХ-ын даргаар томилох асуудлыг эцэслэн хэлэлцэж, шийдвэрлэлээ. Ардчилсан намын бүлгийн зүгээс уг асуудлаар авсан завсарлагын хугацааг сунгах шаардлагагүй гэж үзсэнээр санал хураалт явуулсан юм. Хуралдаанд нийт 114 гишүүн оролцсоноос 87 нь дэмжсэн санал өгснөөр, Сандагийн Бямбацогт парламентын 15 дахь даргаар сонгогдлоо.
Шинээр томилогдсон спикер С.Бямбацогт нь 1974 онд Ховд аймагт мэндэлсэн бөгөөд өдгөө эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1999 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч мэргэжлээр, 2005 онд Нидерланд Улсын Маастрихтын их сургуулийг бизнесийн удирдлагын магистрын зэргээр, 2014 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн юм. Эдийн засаг, бизнесийн удирдлага болон хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй тэрбээр мэргэжлийн өндөр бэлтгэлтэй улстөрчдийн нэгд тооцогддог.
Түүний хөдөлмөрийн намтар болон төрийн албанд ажилласан байдлыг тоймловол:
- 2000-2008 онд: “Нью прогресс” группын захирал, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга,
- 2008-2016 онд: Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2012-2013 онд: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга,
- 2013-2016 онд: УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга,
- 2016-2020 онд: Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2016-2017 онд: Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд,
- 2019-2020 онд: УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга,
- 2020-2024 онд: Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2020-2022 онд: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга,
- 2022-2024 онд: Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайд,
- 2024 оноос: Монгол Улсын Их Хурлын гишүүн,
- 2024-2025 онд: Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд,
- 2025 оноос: Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар тус тус томилогдон ажилласан.
Төрийн албаны шат дараалсан удирдах албан тушаалуудыг 20 гаруй жил хашиж буй тэрбээр ийнхүү хууль тогтоох дээд байгууллагыг удирдах хариуцлагатай албанд томилогдож байна. С.Бямбацогт нь бизнесийн салбараас ажлын гараагаа эхэлж, улмаар парламентын засаглалыг бэхжүүлэх үйлсэд олон жил хүчин зүтгэж буй туршлагатай боловсон хүчин юм.
