2025 оны долдугаар сарын 3-ны өдөр эхэлсэн “Playtime” хөгжмийн наадмын үеэр нэгэн хамтлагийн гишүүн хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдлаа.
ЦЕГ: Сэжигтэй этгээдүүдээс шинжилгээ авч байна
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид наадмын талбайд ажиллаж байгаа бөгөөд тухайн мэдээллийн дагуу сэжиг бүхий зарим иргэдээс шинжилгээ авч байгаа талаар албаныхан мэдээлэв.
ЦЕГ-ын албаны эх сурвалж: “Одоогоор бид наадмын талбай дээр ажиллаж байгаа. Сэжигтэй тохиолдлуудын хүрээнд холбогдох арга хэмжээг авч, шинжилгээ хийж байна. Эцсийн хариу гараагүй байна” гэв.
Шалгалтын дүн гараагүй байна
Харин одоогийн байдлаар тухайн хамтлагийн нэр, холбогдох этгээдүүдийн талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа бөгөөд шинжилгээний хариу эцэслэн гараагүй тул ЦЕГ-аас нарийн мэдээлэл өгөхөөс түдгэлзэж байна.
Цагдаагийн байгууллагаас шалгалтын дүн гармагц олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөхөө илэрхийлсэн юм.