Бямба, 6 сар 14, 2025
HomeСоёл Урлаг“Playtime 2025” наадам 100 мянган хүнийг хүлээн авна

“Playtime 2025” наадам 100 мянган хүнийг хүлээн авна

Улаанбаатар хотын “Playtime” паркт долдугаар сарын 3-6-нд болох “Playtime” хөгжмийн наадам энэ жил 23 дахь удаагаа зохион байгуулагдана. Тус наадам нь Азийн таван том хөгжмийн наадмын нэг болох зорилготой бөгөөд энэ жил 100 мянган зочныг хүлээн авахаар бэлтгэж байна.

Наадмын хүрээнд 3000 түр ажлын байр бий болохоос гадна 200 гаруй байгууллага хамтран зохион байгуулагчаар ажиллах юм. Наадмаас үүдэн Улаанбаатар хотын эдийн засагт 12 тэрбум төгрөгийн нэмэгдсэн өртөг бий болно гэж тооцоолжээ.

Технологийн шинэчлэл

Наадмыг үүсгэн байгуулагч Ц.Нацагдоржийн хэлснээр энэ жилийн гол онцлог нь хоёр шинэ технологийг нэвтрүүлж буй явдал аж. Үүнд QR код болон бугуйвчны тусламжтай цахим төлбөрийн систем багтана. Энэ нь хуурамч тасалбарын асуудлыг шийдэх, аюулгүй байдлыг сайжруулах, мөнгө болон карт гээх эрсдлийг бууруулах зэрэг олон давуу талтай. Үүний зэрэгцээ ариун цэврийн байгууламжийг шинэчилж, кемпингийн бүсэд майхны байрлалыг үнэ төлбөргүй болгожээ.

Ц.Нацагдорж хэлэхдээ:
“Бид жинхэнэ наадмын уур амьсгалыг бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү бугуйвчны систем нь хүмүүсийг урт дараалалд зогсохоос чөлөөлж, тав тухтай орчинд амрах боломжийг олгоно.” гэжээ.

100 гаруй уран бүтээлч найман тайзан дээр тоглоно

Энэ жил Францын алдарт пост-блэк-метал “Alcest”, Японы пост-хардкорын анхдагч “Envy”, Өмнөд Солонгосын пост-рок хамтлаг “Jambinai”, Америкийн “YHWH Nailgun”, мөн сүүлийн жилүүдэд орчин үеийн хөгжимд шинэлэг зүйлээр ялгарч буй “Balming Tiger”, “Megumi Acorda”, “Selica Gel”, “VVAS” зэрэг хамтлаг, уран бүтээлчид тоглох юм. Тэдэнтэй хамт 67 монгол хамтлаг, дуучид оролцоно.

2024 онд уг наадам 72 мянган хүн хүлээн авч байсан бол энэ жил илүү өргөн цар хүрээтэй болохоор зорьж байна. Наадам “Earth. Music. Art. Love” уриан дор зохиогдож, тасалбаруудыг Shoppy.mn сайтаар дамжуулан 2025 оны 7-р сарын 3-ныг хүртэл хямдралтай үнээр худалдаалж байна.

Холбоотой нийтлэлүүд

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here

Хамгийн алдартай

Сүүлийн сэтгэгдлүүд