Sony компанийн дараагийн үеийн тоглоомын консол болох PlayStation 6-ийн талаар сонирхол татсан мэдээллүүд сүүлийн үед олноор гарч байна. PlayStation 5-ын амьдралын мөчлөг албан ёсоор төгсөөгүй ч, хэрэглэгчид аль хэдийн шинэ үеийн техник хангамж, тоглоомын шинэ боломжуудыг хүлээж эхэлжээ.
Гарах хугацаа — 2027 оноос наашгүй
PlayStation 6-ийн албан ёсны танилцуулга хараахан гараагүй ч, Microsoft-ийн Activision Blizzard-ийг худалдаж авах ажиллагаатай холбоотой шүүхийн бичиг баримтаас нэгэн сонирхолтой баримт ил болжээ. Уг баримтад Sony нь 2027 он хүртэл Call of Duty цувралд онцгой хандалттай байх тухай дурдсан нь дараагийн үеийн консолыг 2027 оноос өмнө худалдаанд гаргахгүй гэдгийг таамаглуулах үндэслэл болж байна. Түүнчлэн PS5 өмнөх загвараасаа 7 жилийн дараа гарсан тул ижил мөчлөгээр шинэ консол гарах боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Үнэ хэр байх вэ?
Тодорхой үзүүлэлтүүд хараахан тодроогүй тул үнээ таамаглахад хүндрэлтэй байгаа ч, 500–600 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэсэн таамаг давамгайлж байна. PS5 2020 онд 499 долларын үнээр худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгчийн эрэлт болон техник технологийн өсөлт үнийн хандлагыг нэмэгдүүлдэг нь үүнийг батална.
Техникийн хувьд юугаар онцлог байх бол?
Sony албан ёсоор үзүүлэлт танилцуулаагүй ч, нэр хүндтэй мэдээлэгчдийн зүгээс хэд хэдэн чухал онцлогуудыг дурджээ. Тухайлбал, Moore’s Law is Dead хэмээх техник хангамжийн мэргэжилтний хэлснээр Sony энэ удаа хамгийн хүчирхэг консол бүтээх зорилготой байна гэжээ. PS5 нь Xbox Series X-ээс бага зэрэг хоцорч байсан ч, шинэ үеийн PS6 энэ зөрүүг арилгахыг эрмэлзэж байгаа бололтой.
Шинэ консол AMD-ийн тусламжтайгаар илүү хурдтай процессортой, хиймэл оюун ухаан дэмжсэн бүтцийг хөгжүүлж байгаа гэнэ. Мөн Ray Tracing, Path Tracing зэрэг график боловсруулах технологийн бүрэн дэмжлэг, илүү хурдан SSD хөтөч ашиглагдах боломжтой аж. Цаашлаад Sony өөрийн хөгжүүлсэн PSSR (PlayStation Spectral Super Resolution) технологийг бүрэн дэмжих бөгөөд энэ нь 4K@120fps болон 8K@60fps чанарт тоглоомыг ажиллуулах чадамжтай болохыг илэрхийлж байна.
Хүлээлт өндөр байна
PlayStation 6-ийн талаархи эдгээр урьдчилсан мэдээллүүд хэрэглэгчдийн сонирхлыг улам ихээр татаж байна. Sony албан ёсоор мэдэгдэл хийгээгүй ч, компанийн удирдлагуудын зүгээс “дараагийн үеийн тоглоомын туршлага” дээр ажиллаж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Хамгийн сүүлийн шинэчлэлт болох PS5 Pro 2026 онд гарах тул PS6-ийн танилцуулга үүний дараа, магадгүй 2027 онд болох нь бараг тодорхой.
Хэдийгээр цуурхал байж болох ч, PlayStation 6 нь Sony-ийн хамгийн технологич, хүчирхэг платформ болох нь дамжиггүй.
Хэрвээ PS6 үнэхээр ийм хүчтэй болбол график нь яг бодит юм шиг л харагдах байх даа
Хадгалж эхлэх хэрэгтэй боллоо