Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын түүхт 80 жилийн ой болон тус сумын алдарт хүчтэн, Улсын гарди Пунцагийн Сүхбатын нэрэмжит үндэсний бөхийн барилдаан амжилттай болж өнгөрлөө. Улс, аймаг, цэрэг, сумын цолтой нийт 128 хүчтэн зодоглосон тус барилдаанд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат, “Их шавь” дэвжээний бөх, аймгийн арслан Мөнхбаярын Баасанжав итгэл төгс түрүүлж, П.Сүхбат гардийн нэрэмжит “Улсын цолд ойрхон бөх” шагналын эзэн боллоо.
Тэмцээний үзүүр бөхөөр Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, Эм Си Эс групп, Богд банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, Тэргүүн Богд дэвжээний бөх, улсын арслан Энхтүвшиний Батмагнай тодорч, нутгийн олноо баясгасан юм. Барилдааны их болон дунд шөвөгт дараах бөхчүүд шалгарсан байна:
- Их шөвөгт: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Зорчигч Тээвэр 2 ОНӨААТҮГ, Монзол групп, Блю Драгон ХХК, Нэгдэл клуб, “Таван Хан” дэвжээний бөх, улсын саруул сайжрах заан Н.Жаргалбаяр болон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, АПУ ХК, Чиглэл ХХК, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Б.Цэдэнсодном нар.
- Дунд шөвөгт: Улсын заан Б.Серик, улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар болон аймгийн арслан М.Баяржавхлан нар үлдэв.
Бөхийн барилдааны төгсгөлд түрүү бөхөд гардийн нэрэмжит тусгай шагналыг гардуулан өгсөн юм. Дараагийн барилдаан гуравдугаар сарын 21-ний 13:00 цагаас Наурызын баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаанаар үргэлжлэхээр товлогджээ.
