Монгол бөхийн өв соёлыг оюутан залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, залуу бөхчүүдийн ур чадварыг сорих зорилготой “Оюутны улсын аварга шалгаруулах” барилдаан болох гэж байна. Энэхүү тэмцээн нь тамирчдын карьер хөгжлийг дэмжихээс гадна тэдний мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг урамшуулах зорилго тавьжээ.
Уг барилдаан 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдахаар товлогдсон байна. Тэмцээнд оролцогчдод насны болон сурлагын амжилтын тодорхой шалгуур тавьж байгаа бөгөөд нэг сургуулиас нэг жинд дөрөв хүртэлх бөх оролцох боломжтой юм.
Барилдааны үндсэн жингийн ангилал болон тавигдах шаардлага:
- Насны хязгаар: 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистрын түвшний оюутнууд;
- Сурлагын үзүүлэлт: Оролцогч нь 2.5-аас дээш голч дүнтэй байх шаардлагатай;
- Жингийн ангилал: -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон Үнэмлэхүй жин;
- Бүртгэл: 2026 оны 4 дүгээр сарын 27-ныг хүртэл “UNIQ” аппликейшнээр дамжуулан бүртгэнэ.
Тэмцээний нэгэн өвөрмөц онцлог нь жин тус бүрийн аваргууд үнэмлэхүй жинд хүч үзэх бөгөөд шүүгчдийн саналаар нэмэлт гурван бөхийг барилдуулах ажээ. Мөн барилдааны үеэр “Уран гараа, дэвээтэй бөх”-ийг тусгайлан шалгаруулж урамшуулах юм байна.
Оролцогчдын бүртгэлийн хураамж хугацаанаас хамаарч ялгаатай байх бөгөөд 4 дүгээр сарын 15-ныг хүртэл бүртгүүлбэл 30,000 төгрөг, харин 4 дүгээр сарын 27-ныг хүртэл бүртгүүлбэл 50,000 төгрөгийн хураамж төлөх юм. Сонирхсон оюутан залуус http://uniq.mn/add/listing холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
