2025 оны дөрөвдүгээр сарын 23-нд хуралдсан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай 20 жилийн хугацаатай хэлэлцээрийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байсан ч хэлэлцүүлгийг түр хойшлуулав.
Яагаад хойшлогдов?
- Ардчилсан намын бүлэг уг хэлэлцээрийг дэмжих боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
- МАН-ын бүлэг тодорхой заалтуудыг засаж сайжруулах шаардлагатай гэж үзжээ. Үүнд:
- “20 жил” гэдгийг “20 хүртэл жил” болгон өөрчлөх
- “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг бүхэлд нь хамарсан мэт ойлголтыг төрүүлж болзошгүй заалтыг зөвхөн түлш цэнэглэх цогцолбор гэж тодруулах
- Хэрэв маргаан гарвал Монголын арбитрын шүүхэд шийдвэрлэгдэх заалт оруулах
Цаашдын үйл явц
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд дээрх саналуудыг ОХУ-ын талд тавьсан бөгөөд Гадаад харилцааны яам ч энэ асуудлаар ажиллаж байна. ОХУ-ын зүгээс сайжруулсан хувилбарыг хүлээн зөвшөөрөх эсэх нь уг хэлэлцээрийг соёрхон батлах эсэхийг шийдэх гол нөхцөл болох юм. Иймээс уг асуудал түр хугацаанд хойшлогдож, хэд хоногийн дотор дахин хэлэлцэхээр төлөвлөжээ.