Москва хотноо болсон хоёр улсын парламентын хамтарсан комиссын хуралдааны үеэр Оросын тал Монголын ерөнхий боловсролын сургуулиудын хөтөлбөрт орос хэлний хичээлийг “заавал судлах” статустай болгох санал гаргасан байна. Өнөөдрийн мөрдөгдөж буй журмаар манай улсын дунд сургуулийн 7-8 дугаар ангид долоо хоногт хоёр цаг, 9 дүгээр ангид гурван цаг орос хэлийг үздэг бол 10-12 дугаар ангийнхан англи болон орос хэлний аль нэгийг өөрсдийн сонголтоор судалдаг журамтай юм.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-ны өдөр ОХУ-ын нийслэлд болсон уг уулзалтыг Оросын талаас Төрийн Думын орлогч дарга Алексей Васильевич Гордеев, Монголын талаас УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар ахлан оролцжээ. Хуралдааны явцад талууд эдийн засаг болон дэд бүтцийн томоохон төслүүдийг хөндсөний дотор боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудал онцгой анхаарал татлаа. Тухайлбал, уулзалтаар дараах гол сэдвүүдийг хэлэлцсэн байна:
- Улаанбаатар төмөр замын хөрөнгө оруулалтын асуудал.
- Эгийн голын усан цахилгаан станцын төслийн явц.
- Монголын ЕБС-иудад орос хэлийг заавал судлах хичээл болгох санал.
ОХУ-ын боловсролын салбарын төлөөллүүд Монгол руу 300 орчим сурах бичиг илгээснээ дурдаад, орос хэлний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд 7-8-р ангид заавал үзэх хичээл болгох тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсжээ. Тэд “Бид Монгол руу 300 сурах бичиг илгээсэн. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэхийн тулд 7-8-р ангийнханд орос хэлийг заавал үзэх хичээл болгох нь чухал байна. Та бүхэн үүнд дэмжлэг үзүүлнэ үү” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Энэхүү санал нь шинээр яригдаж буй асуудал биш бөгөөд 2023 онд ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад айлчлахдаа мөн ижил утгатай мэдэгдэл хийж байсан юм. Тухайн үед тэрээр манай улсад орос хэл сурах болон хэрэглэхэд шаардлагатай бүх таатай нөхцөл бүрдэнэ гэдэгт найдаж байгаагаа уламжилж байв. Орос хэлний статусыг ийнхүү өндөрсгөх санал нь хоёр улсын соёл, боловсролын харилцааг шинэ шатанд гаргах Оросын талын бодлогын нэг хэсэг болж байна.
