“ChatGPT“-ийг хөгжүүлэгч “OpenAI” компани нэлээд эрсдэлтэй нөхцөл байдалд ороод байна. “The Verge” хэвлэлийн дүгнэснээр, сүүлийн саруудад өрнөсөн удирдлагын багийн халаа сэлгээ, төслүүдийн зогсолт болон бусад түгшүүртэй дохио нь тус компанийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлж эхэлжээ.
Хоёрдугаар сарын сүүлээр “OpenAI” компани АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагонтой томоохон хэмжээний гэрээ байгуулсан нь шүүмжлэл дагуулав. Тэдний гол өрсөлдөгч “Anthropic” компани яг ижил гэрээнээс татгалзсан бөгөөд үүнийг дараах шалтгаанаар тайлбарлажээ:
- Хиймэл оюун ухааны загваруудыг Америкчуудыг олноор нь тандахад ашиглаж магадгүй.
- Хүний оролцоогүйгээр байг бие даан сонгож, устгах чадвартай “автономит зэвсгийн систем”-д ашиглах эрсдэлтэй.
Цуцлагдсан төслүүд болон “Disney”-тэй хийсэн бүтэлгүй хамтын ажиллагаа
Өнгөрсөн сард “OpenAI” видео үүсгэх зориулалттай “Sora” аппликэйшнийг дэмжихээ гэнэт зогсоов. Үүний зэрэгцээ “Disney” компанитай байгуулсан түншлэл маш богино хугацаанд буюу ердөө 30-хан минут үргэлжлээд цуцлагдсан байна. Мөн “ChatGPT”-д нэвтрүүлэхээр төлөвлөж байсан “насанд хүрэгчдийн горим”-ыг дотоод маргааны улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.
Удирдлагын баг дахь халаа сэлгээ
Өнгөрсөн долоо хоногт тус компанийн удирдлагын дээд түвшинд дараах өөрчлөлтүүд гарсан байна:
- Фиджи Симо: Аппликэйшн хариуцсан Гүйцэтгэх захирал эрүүл мэндийн шалтгаанаар түр чөлөө авсан.
- Грег Брокман: Компанийн Ерөнхийлөгч бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багийг биечлэн удирдахаар болсон.
- Кейт Рауч: Маркетинг хариуцсан захирал ажлаа хүлээлгэж өгсөн.
- Брэд Лайткэп: Үйл ажиллагаа хариуцсан захирал тусгай төслүүд рүү шилжсэн.
“The Verge”-ийн мэдээлснээр, энэ сарын сүүлээр “OpenAI” болон түүнийг үүсгэн байгуулалцаж байсан Илон Маск нарын хоорондох шүүх хурал эхлэх гэж байна. Маск удирдлагуудыг түүнийг “манипуляци хийж”, ашгийн төлөө бус статусаа хадгална гэж хууран 38 сая ам.долларын хандив авсан хэмээн буруутгаж байгаа юм.
Маскийн гол шаардлага: Сэм Альтманыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс болон ашгийн төлөөх салбар нэгжийн захирлын суудлаас огцруулах Грег Брокманыг удирдлагын албан тушаалаас нь буулгах. “OpenAI”-ийг бүрэн хэмжээний ашгийн төлөө бус загвар руу нь буцаах.
“CNBC” сувгийн мэдээлснээр, Маск 4 дүгээр сард эхлэх шүүх хурлын үеэр Сэм Альтманыг огцруулахын тулд бүхий л хүчээ дайчлах төлөвтэй байна.
